"COVID-19"-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар 2795 оюутан гарч байгаа юм. 

Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна. 

Мөн “Скай” худалдааны төвийн зогсоолоос Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг руу явах 26 автобусаар 1119 оюутан гарч байгааг салбарын яамны холбогдох хүмүүс Авто тээврийн үндэсний төвийн орон нутгийн автобусуудад хүлээлгэн өглөө. 

Шинжилгээнд хамрагдсан орон нутгийн оюутнуудын дараагийн ээлж маргааш явна.