Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож амь насыг нь хөнөөсөн, шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Л нь урьд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр 1 жил 3 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан аж.

Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаандаа төрсөн эгч Р.Г-н хүү 3 настай Г.Г-н эсрэг байнга буюу “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар дээрэлхэж байжээ. Удаа дараа нуруунд нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогджээ.

Хүчирхийлэл бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 3 настай хүүгийн толгойн тус газарт нь гараараа зодож амь насанд нь хүрсэн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн “тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт,  зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн өгзгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан гэж гарсан байна.

Талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүйгээс гадна талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн байсан аж. Энэ нь цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.


  

ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ