• 30 нас бол эрүүл мэнд, оюун санаагаа захирахад хамгийн тохиромжтой үе. 
  • Quora-гийн хэрэглэгчид хожим амжилт олохын тулд 30 насандаа мөрөөдлөө хөөж, өөрийн үнэ цэнээ олох хэрэгтэй гэлээ.

Сэм Уолтон 44 насандаа Walmart сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан. Жулия Чайлд хоолны жор бүхий анхны номоо 60 насандаа хэвлүүлсэн. Амьдралын тань хамгийн гайхалтай үе урд тань хүлээж байна. 

Ирэх 10-аад жилд та амьдралаа хэрхэн удирдан залахаас энэ бүхэн шалтаална. Мөнгө хурааж хуримтлуулах уу, кредит картны өрөнд баригдах уу? Өөрийгөө өрөвдөж суух уу, байгаадаа сэтгэл хангалуун байж урагшлах уу?

Quora сайтаар дамжуулан 30 насандаа хэрхэн өөрийн ирээдүйд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, үр бүтээлтэй өнгөрөөх талаар хэдэн зуун хүн зөвлөсөн. Эдгээрээс хамгийн хүртээмжтэй 13 зөвлөгөөг багцлан хүргэе. 

Амьдралын хэв маягтаа бяцхан өөрчлөлт хийхэд л томоохон амжилтад хөтлөх болно. 

Тамхи татахаа боль.

Хэрэв та тамхи татдаг бол нэн даруй зогсоохыг Quora-гийн хэрэглэгч Синди Пөрлмэн Финк зөвлөжээ. Тамхидалтаас үүдсэн гэмтлийг зогсоохоос нэгэнт өнгөрсөн байж болох ч 40 наснаасаа өмнө тамхинаас гарч чадсан хүмүүсийн үхэлд хүргэх эрсдэл 90 хувиар бага байдгийг судалгаа нотолсон.



Өдөр бүр тогтмол цагт унтаж, сэрж байх

Амралтын үдэш кино үзэж, компьютер тоглоод суух сайхан ч Нэн Уолдмэн өдөр бүр тогтмол дэглэм барихыг зөвлөлөө. Угтаа бол унтах зуршлаа солиход хэдхэн өдөр л шаардлагатай. Цаашид нойрмоглож, ажлаа цалгардуулж, мөрөөдлөө хүлээлгэхгүйн тулд боломжтой үедээ нойрны асуудлаа шийдээрэй. Дэлгэцийн цэнхэр туяа нойр хүргэдэг мелатонин гэгч бодисын ялгарлыг багасгадаг. Иймд унтах цагаар гар утас, зурагт ширтэж зохиомлоор нойргүйдэл бүү үүсгээрэй. 



Байнгын дасгал хөдөлгөөнөөр хичээллэ.

“Боломжоороо хөдөлгөөний идэвхтэй бай. Алхана уу, дугуй унана уу, гүйнэ үү, жин өргөнө үү, ууланд авирна уу, сэлнэ үү хамаагүй. Хөдөлж л байвал аль нь ч байсан болно” хэмээн Алистар Лонгмэн зөвлөж байна. 

30 насанд булчингийн масс алдагдаж, бие махбод таны эсрэг ажиллаж эхэлдэг тул илүү их хичээх хэрэгтэй. Өөрийн дуртай дасгал хөдөлгөөнийг олж чадвал урт хугацаанд тогтмол хичээллэх талтайг мартуузай. 



Хуримтлалтай бол.

“Аль болох залуугаасаа мөнгө хурааж эхэлбэл цаашдаа ч мөнгө хураахад урам болдог” гэж Клифф Гилли зөвлөж байна. Амьдралын алтан он жилүүд алс хол мэт санагдавч эрт мөнгө хурааж эхэлбэл амтасч, улам ихийг хураах хүсэлтэй болно. 



Амьдралын томоохон зорилгоо тавь.

“Хамгийн том зорилгоо тавихаас бүү ай, бүү хойшлуул. Байртай болмоор байна уу? Хүүхэдтэй болох уу? Ном бичих үү? Сонгоод бага багаар урагшил. Энэ оны сүүлч гэхэд зорилгодоо чиглэсэн юу хийж гүйцэтгэж чадах вэ?” Билл Карвин.



Байгаадаа талархаж сур. 

“Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурвал амьдрал хамаагүй аз жаргалтай болно.” хэмээн Роберт Уолкер өөрийн туршлагаасаа хуваалцав. Ялангуяа хайр дурлалын харилцаанд энэ ухагдахуун туйлын үнэн. “Талархалын тухай тэмдэглэл” номын зохиолч Женис Каплан нөхөртөө “баярлалаа” гэж хэлэх болсноор гэр бүлийн харилцаанд нь ихээхэн ахиц гарсан тухай номдоо бичсэн. Сэтгэл судлаачид ч нэг нэгтээ талархлаа илэрхийлдэг хосууд удаан хамт байдгийг баталсан гэнэ.



Хүн бүрийг баярлуулах гэж хичээхээ боль.

“Би 30 нас хүрээд хүн бүрт таалагдах хэрэгцээг мэдрэхээ больсон. Найзууд болон танилын хүрээгээ илүү нухацтай сонгох нь зүйтэй”. Кевин Тео

Түүнд олиггүй ханддаг хүмүүст заавал сайрхах алба байхгүйг Кевин ойлгоод ийм шийдэлд хүрчээ. Фэйсбүүкийн найзуудаа хасна уу, хамт байхад сайхан, эерэг энергитэй хүмүүстэй найзлана уу, хамаагүй. Алт шиг үнэтэй цаг хугацаагаа ухаалгаар зарцуулах нь 30 насанд тун чухал. 



Бусадтай өөрийгөө харьцуулахаа боль.

“Ах дүү, найз нөхөдтэйгөө харьцуулагдахааргүй зүйл хийж чадахгүй байвал өөрийгөө зоригжуулж, сэтгэлээ амирла.” Махеш Каятиан.

Шинжлэх ухааны талаас харвал өөрийгөө бусадтай харьцуулах нь бүтээлч байдалд муугаар нөлөөлдөг. Нар ээсэн гэмгүй сайхан өглөө инстаграмаа гүйлгэж байгаад л өөрийгөө голох үе байдаг л биз дээ? Сошиал ертөнцөд хүмүүс бага асуудалтай, аз жаргалтай харагддаг тул бидний өөртөө итгэх байдалд нөлөөлдөг. 



Алдаа гаргасан ч өөрийгөө уучилж сур.

“Алдаагаа уучил. Бид бүгдээрээ л алддаг. Өнгөрсний алдаандаа баригдалгүй, суралцаад тавьж явуул. Урагшла.” гэж Лиз Полмэр зөвлөжээ. 

Өөрийгөө өрөвддөг хүмүүс гэмшилтэй зууралдахгүй алдаанаасаа суралцаад урагшилдаг тухай Стэнфордын судалгааны төвийн захирал Эмма Сеппала ярьлаа. Ингэж чадахгүй байвал бүтэлгүйтсэн найздаа яаж хандах байсан түүн шигээ л бай. 



Үнэ цэнээ тодорхойл.

Хэн нэгэн таны өмнөөс аз жаргал, амжилтыг тодорхойлохыг бүү зөвшөөр. Quora-гийн хэрэглэгч Анна Лундберг “30 насны хамгийн чухал алхам бол эрхэм зүйлсээ тодорхойлох. Ингэхийн тулд хувийн үнэ цэнээ ойлгож хамгийн чухаг гэсэн гурван зүйлээ нэрлээрэй. Эдгээр зүйл өдөр тутмын амьдрал болон карьерт тань үнэхээр тусгалаа олсон, эсэхийг өөрөөсөө асуу. Хэрэв үгүй бол тухайн үнэ цэнээ алдахгүй байхад туслах ажил хийж, зорилгоо ч үүндээ чиглүүлэх хэрэгтэй.” хэмээжээ. 

Яг л архичин хүнд архинаас өөр үнэ цэнэ байдаггүй тул өдөр бүр архи уухын төлөө амьдардагтай адилхан. Түүнчлэн хэрэв танд гэр бүл хамгаас үнэ цэнэтэй бол гэр бүлээ хадгалж үлдэх, аз жаргалтай байлгах зүйл өдөр тутамдаа хийж эхлээрэй. 



Өдөрт нэг цаг ном унш.

Порша Дуглас 30 настнуудыг өдөрт нэг цаг ном уншвал нэг жилийн дараа гэхэд бүтэн 15 өдөр тасралтгүй номын хуудас эргүүлсэнтэй тэнцэнэ гэв. 



Их цэвэрлэгээ хий.

“Минималист амьдралын хэв маяг бүх зүйлийг сайхан болгодог. Гэр орон цэлийж, нүд баясам болно. Гэр цэвэрлэх гэж өдрийн хэдэн цагийг үрэх шаардлагагүй” гэж Синди А Киоон санал бодлоо илэрхийлсэн. 

Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал Мэри Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”, мөн Фүмио Сасакигийн “Би энгийн амьдралыг сонгосон” номыг уншаарай. Эмх замбараагүй байдал биднийг бухимдуулж, завтай, завгүйн хооронд амьдруулдаг. Хэрэв та өөртөө цаг гаргахыг хүссэн ч хийх ажил дуусахгүй байвал хэрэггүй олон эд хогшлоосоо салах цаг болжээ. 



Бусдыг шүүмжлэхээ зогсоо.

Өчүүхэн зүйлээр хүний сэтгэл зүй, зан чанарыг тодорхойлж болдог. Үйлчилгээний байгууллагын ажилчидтай хэрхэн харилцсан, аяганаас цай уухдаа хаашаа хардаг гээд биеэ авч яваа байдал хүмүүст олон зүйл харуулдаг. 

Беки Ян тэгвэл 30 настнуудад “бусдыг шүүмжилж, шүүхээ” болихыг санууллаа. Та ч гэсэн хэн нэгний дуран доор амьдарвал тааламжтай санагдахгүй биз. Тэрбээр “Хэн ч төгс биш. Сайхан сэтгэлтэй, даруу бай.” гэжээ.