300 жилийн өмнө хэвлэгдсэн "Үндэсний баялаг" ном эх хувиараа хэвлэгдэн олны хүртээл боллоо

Сонгодог эдийн засагчдын эцэг нь гэгдсэн Английн эрдэмтэн Адам Смитийн “Үндэсний баялаг” ном монголчуудад танил болоод удаж буй. Гэхдээ анх гарснаасаа хойш 300 жилийн дараа бүрэн эхээрээ хэвлэгдэн гарч номын баяраа хийлээ. Номыг хэвлэн гаргахад Залуу судлаачдыг дэмжих сан ТББ,“ТУС солюшн” ХХК, Непко хэвлэлийн газар хамтран ажилласан байна.

Нээлтэд нь тус номын редактор "Непко Паблишинг"-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Баабар, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, ШУТИС, МУИС, МУБИС-ын багш докторууд хүрэлцэн ирсэн юм. 

Баабарын хэлснээр 30 хүрэхээсээ өмнө унших номны нэгт багтдаг энэхүү бүтээлд хөдөлмөрийн хуваарь, мөнгөний үүсэл, хэрэглээний тухай, хөдөлмөрийн хөлс, хөрөнгөд ногдох ашгийн тухай, газрын рент болон капитал, түүний хуримтлал, хэрэглээний мөн чанарын тухай авч үзсэн байдаг.

Тэр дундаа эдийн засгийн амьдралын гол хөдөлгөгч хүч нь өөрийгөө хичээх үзэл болохыг нээсэн талаарх яриа олон зочдын анхаарлыг татлаа. Тэрбээр хувийн эрх ашгийг дээдэлнэ гэдгийг бус­дын эрх ашгийг хохирооно гэдэгтэй хутган ойлгодог нь монголчуудад энэ ном өгөөжтэй. Учир өөрийгөө хичээх үзэл нь хүний нийгмийн мөн чанар юм. Эдгээр үл үзэгдэх хувиа хичээх чанарууд нийгмийн сайн сайхныг бүрэлдүүлдэг. Тийм ч учраас Адам Смитийг  олон зуун жил ёс зүй номлож ирсэн шашин сүм хийдийнхэн эрс шүүмжлэн хүлээж авчээ. Гэвч өнгөн дээрээ онцгүй санагдах энэ онол нийтийн сайхан сайханд чиглэгдсэн учраас хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч улс орнуудад хуульчилагдаж ирснийг онцолсон юм.

Номын нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулж “Залуу судлаачдыг дэмжих сан” ТТБ-ын тэргүүн, “ТУС солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал  Д.Жаргалсайхан үг хэллээ. Тэрбээр дэлхийн эдийн засагчдын сэтгэлгээнд энэ ном шиг хүчтэй нөлөөлсөн ном байхгүй гээд хамтарч олны хүртээл болгосон нь нэр төрийн хэрэг байлаа. Энэ номыг шүүмжлэхээсээ өмнө олж уншаасай, онол аргуудыг нь амьдралдаа хэрэглэж үзэхийг уншигчдадаа зөвлөсөн юм. Мөн тэрбээр хүрэлцэн ирсэн багш эрдэмтдээр дамжуулан “Үндэсний баялаг” номоо хандивласан юм. 

Номын дээжлэн авсан эрдэмтдийн нэг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Л.Оюун “Өнөөгийн нийгмийн сэтгэлгээ Адам Смитийн номоо бичиж байх үеийн нийгмийн хөгжлийн шатанд хүрэх гэж яваа гэж боддог. Тийм учраас үүнийг бид уншиж судлах ёстой. Хурдан ойлгох тусам хөгжлөө хурдасгах боломжтой. Энэ номоо бид номын сандаа тавихаас илүү оюутнуудадаа уншуулж хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдлэгт суурилсан нийгэм байгуулахад “Үндэсний баялаг” үнэтэй хувь нэмэр оруулна гэв.

"ҮНДЭСНИЙ БАЯЛАГ" БОЛ АЙЛ БҮРД БАЙХ ЁСТОЙ НОМЫН НЭГ

/"Непко Паблишинг"-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Баабар/

Номыг гаргах саналыг Залуу судлаачдыг дэмжих сан, “ТУС солюшн” ХХК-ийн сангийн тэргүүн Д.Жаргалсайхан тавьсан юм.Ингээд хоёр талаасаа хамтарч энэхүү номыг гаргалаа. 12 жилийн хугацаанд гаргасан ном бүтээлүүд дунд “Үндэсний баялаг” ном үзэмжтэй, уншууртай номын нэгэд орно. Энэхүү бүтээлдээ чөлөөт зах зээлийн гол гол зарчмуудыг дэвшүүлсэн нь төрийн зохицуулалт бүхий өнөө үед ч чухал хэвээр байна. Адам Смит номондоо хүний өөрийгөө хичээх бодол нь маш сайхан үйлчилгээ худалдааг бий болгодог талаар бичсэн. Жишээ нь ресторанаа сайхан тохижуулна, нэгнээсээ илүү сайхан амттай хоол хийнэ гэдэг ашиг орлогоо л сайжруулахын тулд биз дээ. Өөрийгөө хичээх үзэл нь хүний нийгмийн мөн чанар юм. Эдгээр үл үзэгдэх хувиа хичээх чанарууд нийгмийн сайн сайхныг бүрэлдүүлдэг. Үүнийг нь тухайн үед сүм хийдийн зүгээс амиа бодох үзлийг сурталчилсан гэж маш их шүүмжилсэн. Гэтэл амиа бодно гэдэг бас арай өөр ойлголт шүү дээ. Бас бидний заавал унших ёстой сэдэв бол хөдөлмөрийн хуваарийн сэдэв. Уламжлалт нүүдэлчин соёлоос салаагүй бүх юмаа хийх, юм юмтай байх сэтгэлгээнээсээ салаагүй. “Үндэсний баялаг” номонд зүү хийхэд л 18 хөдөлмөрийн хуваарь, хамтын ажиллагаа орж байгаа талаар бичсэн. 250 жилийн өмнө шүү дээ. Харандаа хийхэд гэхэд бал чулууг олборлохоос эхлээд хэчнээн дамжлага шингэж байж бүтдэг, дэлхий даяар оролцдог. Тэгэхээр малчны гэрт байгаа гутлын холотикийг ойлгож болох юм, хэчнээн км зайтай айл руу давхилтай биш. Гэтэл хот суурин хотжиж иргэншсэн нийгэм хөдөлмөрийнхөө хуваариар явах ёстой. Үүнтэй холбоод хэлэхэд хүн болгон чаддаг юмаа хийвэл Монгол мөн ч хурдан хөгжмөөр байна  гэсэн чинь урдаас нь хүмүүс чаддаггүй юмаа хийхгүй бол бүр сайхан хөгжинө өө гэсэн байсан. Хүн болгонд өөрийн чаддаг зүйл байгаа, түүнийгээ л хийж хөдөлмөрийн хуваарилалт орох нь заяагдмал авьяас чадвараа төгс төгөлдөр хөгжүүлдэг гэсэн санаа. Ер нь айлд байж байх ёстой ном гэж бий. Барууны орнуудын айлд Карл Марксын “Капитал” байдаг. Үүн шиг энэ ном айл болгонд байх номын нэг байгаасай гэж хүсч байна.

ЭНЭ НОМ БОЛ НЭГ ТӨРЛИЙН ОЮУНЫ ЗАГВАР

/Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, “ТУС солюшн” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан/Энэ номыг хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Энэ ном бол нэг төрлийн оюуны загвар. Тиймээс бид судалгаандаа ашигладаг.

Социализмын үед амин хувиа хичээх, өөрийгөө хичээх, эрх ашгаа бодох үзлийг буруу гэдгийг бидний сэтгэлгээнд бат гэгч суулгасан. Гэтэл Адам Смит хүн бусдад хэрэгтэй зүйлийг хийж өөрийнхөө хэрэгцээг хангах хүсэл эрмэлзэл нь нийтээрээ хамгийн сайхныг хэрэглэх хөдөлгүүр болж байдгийг тэр олон жилийн өмнө олж харжээ. Маш энгийн жишээ хэлэхэд талхчин хүн ам бүлээ тэжээж, ахиухан мөнгө хураахын тулд талхаа сайн хийж, олноор зарах гэж хичээнэ, бусадтайгаа өрсөлдөнө. Үйлчлүүлэгчээ татах энэ өрсөлдөөнд нийгмийн бусад иргэд л хожсоор байдаг тухай бичжээ. 

Хүн л аливаа зүйлс, үзэгдлийг өөрийн, бусдын хэрэгцээг хангах, хэрэгсэл болгон хувиргах мэдлэг ур чадварыг бий болгож, эзэмшиж бас түүнийгээ ашиглан баялаг бий болгодог. Алтгүй, нүүрсгүй, зэсгүй боловч мэдлэгээрээ, нягт нямбай хичээнгүй хөдөлмөрөөрөө баялаг бүтээж, үр шимийг нь хүртэж байгаа өчнөөн олон улс үндэстнүүд Адам Смитийн онолын чадвартайг нотолж байна. 

Энэхүү онолыг эх хэлээрээ судлан эзэмшиж, эдийн засгийн ухаан, үндэстэн ба баялаг бүтээх зүй тогтлыг танин мэдэх шинэ боломж гарч байгаа нь завшаан юм. Зах зээлийг бид бүтээхгүй, харин жам ёсыг танин дагаж хөгжинө. Хурдан зөв танин ухаарахын хэрээр бидний амьдрал дэгжин дээшилнэ.

ШУТИС-ын Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн их сургуулийн профессор Б.Энхтуяа:Адам Смитийн “Үндэсний баялаг” номоос иш татаагүй эрдэмтэн судлаач нар ховор. Анх удаа бүхэн эх хувилбараар ийнхүү орчуулагдаж байгаа нь Монголын ирээдүйд том хөрөнгө оруулалт боллоо. Ингэснээр доктор, магистр, бакалаврын түвшинд суралцаг оюутан, судлаач багш нарт судлагдахуун болж байгаагаараа ач холбогдолтой.

ФОТО:

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.