Азийн хөгжлийн банк, эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубтэй хамтран уулзалт хийлээ. Энэ үеэр хэд хэдэн сонирхолтой илтгэл тавигдлаа. 

Тухайлбал “Хэрэглэгчийн итгэлийн индекс ба хүлээлт” судалгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэг танилцуулсан юм. Тэрбээр ам.долларын ханш өсөх бүрт Төвбанк зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх нь төдийлөн зөв алхам биш гэдгийг дурьсан. 

Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад иргэд эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харвал ДНБ-ий хэмжээ өсөж, эсрэг тохиолдолд буурч байжээ. Судалгаанд оролцогчдын нас, боловсролын түвшнээс харахад 35 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн иргэдийн итгэлийн индекс өндөр байдаг бол дунд болон бага боловсролтой 35-аас дээш насныхан “гутранги үзэлтэй” нь ажиглагджээ. Мөн амьжиргааны түвшин, амьдрах орчноосоо хамаарч иргэдийн улсынхаа эдийн засгийн төлөвийг төсөөлөх нь зөрүүтэй байна гэв. Тэгвэл энэ улиралд судалгаанд оролцогчдын 72 хувь нь ирэх зургаан сард бараа, үйлчилгээний үнэ өснө гэсэн бол 40 орчим хувь нь ам.долларын ханш чангарсан хэвээр байна гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.