МӨНХСҮХИЙН ХИШИГМАА
06 сарын 23, 2022
Дэлхийн дулаарал, далайн эрэг орчмын бүс нутгуудын хотжилтын нөлөөгөөр шүрэн хад устаж үгүй болоход ойртжээ.
Шүрэн хадны тоо хэмжээ ийнхүү хурдацтай буурч байгаа тул нөхөн сэргээх оролдлого, аргуудыг санаачилсаар байна. Тэдгээрийн дотроос хамгийн шинэлэг нь 3D хэвлэх төхөөрөмжийн арга гэж мэргэжилтнүүд үзжээ. Саяхан "Science of Total Environment" сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд Израилийн тэргүүлэх дөрвөн их сургуулийн судлаачид шүрэн хадыг хадгалахын тулд өөрсдийн боловсруулсан 3D хэвлэх аргыг туршсан талаар онцлон тэмдэглэжээ.
Тэдний энэ судалгаа нь Израилийн өмнөд эргийн Эйлат хотын шүрэн хадны байгалийн бүтцэд суурилж хийгдсэн байна. Гэсэн хэдий ч бусад далай тэнгисүүдэд ч дасан зохицох чадвартай гэнэ.
Энэхүү аргыг судлаачид экосистемийг эргэн авчирч чадахуйц туршилт болсон гэж дүгнэжээ.
3D шүрэн хадыг хэвлэх аргын процесс нь шүрэн хадны усан доорх гэрэл зургийг сканнердахаас эхэлдэг. Ингэснээр гурван хэмжээст загварыг хамгийн өндөр нарийвчлалтайгаар угсрах боломжтой аж. Дараа нь шүрэн хадны орчмын генетик, амьд биетүүдийн мэдээллийг цуглуулах молекулын аргыг ашиглан өгөгдөл цуглуулжээ. Энэхүү өгөгдлийг бусад параметрүүдтэй нэгтгэн 3D технологийн алгоритмд оруулснаар хадны параметрийн интерактив загварыг бүтээх зарчмаар ажилладаг байна.
Уг хиймэл хадыг усан доорх байгалийн өвөрмөц керамик материалаар хийсэн нь эрсдэлд өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамгийн тохиромжтой гэнэ.Судлаач Офер Берман "Гурван хэмжээст хэвлэлтийг ашиглах нь бодит байдлын алгоритмд суурилсан шийдлүүд далай тэнгисийн томоохон нөхөн сэргээлтийг хөгжүүлэхэд тустайн дээр үйлдвэрлэлийг дэмжих давуу талтай" талаар онцолжээ.
Ийнхүү шүрэн хадыг сэргээн засварлах нь байгалийн шүрэн хадны дахин ургалтыг дэмждэг шүр, загас, сээр нуруугүй амьтад зэрэг хадны төрлийн элементүүдийг олшруулах зорилготой юм.
Эх сурвалж: Science Daily
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.