Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй Л.Б амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.

Тус хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн хурандаа С.Буянжаргал "2019 оны 2 дугаар сарын 24-ны 00 цаг 15 минутад Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаарх дуудлага мэдээ ирсэн. Тус дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Өнөөдөр Прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд товч мэдээлэл өгч байна" гэв.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч М.Ууганбаяр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач Л.Б-г санаатайгаар, захиалгаар хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагааг бүх талаас нь шалгаж, тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Одоо хяналтын камерын бичлэгт үзлэг, шалгалт явагдаж байна. 

Амь үрэгдэгчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудад шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилсон. Хараахан дүгнэлт гараагүй байна. 

Мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай, бүх талаас нь бүрэн бодитой явуулахад анхаарч ажиллаж байна. Энэ хэрэгт БГД-ийн Прокурорын газраас хяналт тавьж байна. Хэргийн газраас гэрээслэл хурааж авсан. Шинжлүүлэхээр мөн шинжээч томилсон. Шинжилгээний дүг гараагүй учир амиа хорлосон эсэхийг хэлэх боломжгүй" хэмээн мэдэгдлээ.