Намар цагийн өдийд хүнсний ногоо тэр дундаа төмс хамгийн хямд байдаг билээ. Харин энэ жил газар тариалангийн бүсэд  гантай байснаас хэд дахин  үнэд ороод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Барс худалдааны төвийг зорьлоо. Биднийг 11 цагийн үед очиход  ногооны хэсэг нь худалдан авагч ихтэй байв.  Өглөө эртлэн ирж шуудай шуудайгаар ногоо авч байгаа хүмүүсийн ихэнх нь жижиглэнгийн худалдаачид буюу дэлгүүр, худалдааны төвийнхөн. Мөн тор барин жинлэн авч байгаа иргэд ч цөөнгүй харагдана.  Өнгөрсөн долоо хоногт  үргэлжлэн орсон борооны дараа тус худалдааны төвд ирэх ногоочдын цуваа тасалдан эрэлт ихэсчихсэн, өнөөдрөөс л ногоо зай завсарлагаагүй бууж, ажил ихтэй байгаа талаар ачигч нар ярьж байлаа. Ногооны чэнжүүд ар талын хашаан дахь бөөний төвд хүргэж өгөхийн тулд ар араасаа дугаарлан түгжрэл үүсгэжээ. Машины ихэнхи нь дунд оврын портер машин аж. Тус худалдааны төвд нэг кг төмсний үнэ 1000, шуудай нь 32 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.  Ноднин жилийн өдийд шуудай төмсний үнэ 10-12 мянган төгрөгийн үнэтэй байсан тухай Барс худалдааны төвийн ногооны тасгийн худалдагч Г.Ганцэцэг ярьж байлаа.  Түүний хувьд сүүлийн таван жил ногоо зарж байгаа гэнэ.Төмс үнэд  орсныг жижиглэнгийн худалдаачид бөөнөөр авдаг ч цаашаа хэд дахин нугалж зардагтай  бас зоорины үнэтэй холбон тайлбарлаж байв. Наймаачид зоорины нэг багана буюу 40 тонн төмс багтдаг талбайг сарын  нэг сая төгрөгөөр түрээслэдэг гэнэ. Олон сараар түрээслэвэл үнэ нь бага зэрэг буудаг ч сүүлийн жилүүдэд төмсний хаягдал их гардаг нь үнэд нөлөөлдөг гэсэн юм. “Муудсан ногоог ажиглахад хэт  их бордсон төмс байдаг. Авууштай сайхан нь монголчууд нэг үеэ бодвол эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоогоо хэрэглэх дуртай болсон.” гэв. 

Г.Ангараг: Төмс  тарьсанаас зарсан нь ашигтай

Барс захын орчимд худалдаачдад бөөнөөр ногоо нийлүүлдэг 100-аад жолооч бий. Ургац хураалтын үед бүр ч их нэмэгддэг ажээ. Тэдний нэг Г.Ангарагтай ярилцлаа. Өмнө нь ногоо тарьдаг байсан тэрбээр энэ жил тариалангийн талбайгаа орхиж ногооны чэнж болжээ.

-Та яагаад төмс тарихаа больчихсон юм бэ, чэнж хийх нь илүү ашигтай байна уу?

-Газар тариалангийн ажил бол ямар ч цаг наргүй, өртөг өндөртэй ажил. Би гэхэд  10 га газартай, хавар тариалан эхлэхэд хоёр хүн авч ажиллуулдаг байсан. Зунжин арчилж тордсоор ургацаа авах гэж 20-30 хүнийг өдрийн 20 мянган төгрөгөөр цалинжуулна. Тэр их хөдөлмөрийн дараа гар дээр үлдэж байгаа унац нь дэндүү бага шүү дээ. Түүний оронд тариалангийн талбайгаас Барсын худалдаачдад хүргэж өгөх нь хамаагүй ашигтай. 

-Энэ жил төмс үнэтэй байна. Шалтгаан нь юу юм бол?

-Гантай байснаас болж тариалангийн гарц багассантай холбоотой. Төрөөс гурил буудай тарьдаг тариаланчидаа л анхаарахаас биш төмс хүнсний ногоо тарьдаг хүмүүсийг хөсөр хаячихсан. Хэрэв над шиг тариаланчдад урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгөхөд ногооны үнэ ч өсөхгүй, иргэд монгол ногоогоор ч дутахгүй гэж боддог.

-Иргэд эх орныхоо хөрсөнд ургасан ногоонд дуртай болчихсон нь та нарын ажилд нөлөөлж байна уу?

-Би ногоогоо өгөх гээд бөөний төв дээр очиход худалдан авагчид ихэвчлэн хятадыг нь л сонгодог. Зарим хүмүүс чанарын ялгааг нь тэр бүрч анзаарч ойлгодоггүй. Жишээ нь монгол лууванг хугалаад үзэхэд гол нь шар  харин хятадынх нь улбар шар өнгөтэй. Идэхэд манай хөрсөнд ургасан ногоо хамаагүй амтлаг шүү

-Тариалангийн талбайгаас төмсөө хэдээр  бөөндөж авч байна?

-Би голдуу Дарханаас ногоогоо авчирдаг. Нэг кг төмсийг 550 төгрөгөөр аваад Барс дээр 750 төгрөгөөр бөөнддөг. Харин бөөний худалдаачид 900-1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин дэлгүүрт  төмс 1300-1500 төгрөгийн үнэтэй зарагддаг. 

-Өөрөө ямар ногоо хүнсэндээ хэрэглэдэг вэ?

-Хятад ногоо хэзээ ч авдаггүй. Үнэр нь хүртэл өмхий шүү дээ. Ямар ч тохиолдолд монгол ногоогоо л авах дуртай.