Германы Ханау хотын цагаачдын дүүрэгт орших хоёр ч уушийн газарт дайран орж 9 хүний амийг хороосон зэвсэглэсэн этгээд хэт барууны үзэлтэн байсан тухай тус улсын прокурор өчигдөр мэдэгдлээ.

Халдлага Франкфурт хотын ойролцоо оршдог Ханау хотод Лхагва гаригаас Пүрэв гаригт шилжих шөнө гарсан байна.

Сэжигтэн 43 настай, Герман улсын иргэн Тобиас Ратжен, галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, халдлага үйлдсэнийхээ  дараа гэртээ ирж, өөрийгөө хороосон байна. Цагдаа нар түүний цогцосыг Пүрэв гаригийн өглөө гэрээс нь 73 настай ээжийнх нь цогцостой хамт олсон байна. Хоёулаа бууны шархны улмаас нас барсан байсан гэж мэдэгдлээ.

Тус улсын Канцлер Ангела Меркель хохирогчдыг ар гэрт эмгэнэл илэрхийлээд, бие биенээ үзэн ядах рацист үзэл Германы нийгэмд хор хохирол учруулж байна гэсэн байна. Тус хотын талбайд олон мянган хүн цугларч, эмгэнэл илэрхийлсэн байна.

Тус хотын турк цагаачид олноор амьдардаг дүүрэг оршдог хоёр уушийн газрын нэг нь Midnight Shisha Bar, нөгөөх нь Arena Bar and Cafe байсан байна. Хохирогчид 21-ээс 44 хүртэлх насны хүмүүс байсан бөгөөд 5 нь турк хүмүүс байсан байна. Өөр 6 хүн шархдаж, нэг нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Гэмт этгээдийн байранд цагдаагийнхан нэгжлэг хийж, өөр этгээд оролцсон эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгдлээ. Цагдаа нар түүний аавыг баривчилсан, байцаасан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Хэт барууны рацист үзэлтнүүд Герман улсад жилийн дотор ийнхүү дөрөв дэх удаагаа халдлага үйлдлээ. Өнгөрсөн 10-р сард Халле хотод хэт барууны үзэлтэн халдлага үйлдэж 2 хүний амийг хөнөөсөн бол 6-р сард цагаачдыг дэмждэг улс төрчийг ойрын зайнаас толгойд нь буудан хороосон, 7-р сард радикал хэт барууны үзэлтэй, рацист үзэл бодолтой 18 настай этгээд Мьюнхэн хотын дэлгүүрт 9 хүн буудсан хэрэг гарсан юм.