НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн пүрэв гарагийн хурлаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. 

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд,  30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан.

Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. 

Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 2 үе шаттайгаар хүлээн авах юм.

1 дүгээрт:  Иргэд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Орон сууцны цахим мэдээллийн санд хүсэлтээ илгээнэ.

2 дугаарт: Ирсэн хүсэлтүүдээс шаардлага хангасан иргэдийн материалийг цаасаар хүлээн авч сонгон шалгаруулах комисст хүлээлгэн өгнө.   

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. 

Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. 

Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажна.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ. ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ