Өчигдөр болсон уран гимнастикийн эмэгтэй багийн төрөлд АНУ-ыг төлөөлөн оролцож байхдаа алдарт тамирчин, Олимп, ДАШТ-ий нийт 31 медальт, уран гимнастикч Симон Байлз сэтгэл зүйн асуудлын улмаас тэмцээнийг дундаас нь орхижээ. 

Өдгөө 24 настай түүнийг талбайд Жордан Чайлз орлосон бөгөөд тухайн өдөртөө дахин талбайд гараагүй байна. Хэдий Симон тэмцээнийг орхисон ч, АНУ-ын баг өөрсдийн өрсөлдсөн төрөлдөө мөнгөн медаль хүртсэн юм. 

АНУ-ын гимнастикийн багийн хэвлэлийн төлөөлөгч түүний тэмцээнээ орхисон нь бие махбодын гэмтэл бэртэлтэй огт холбоогүй гэдгийг нь баталж, сэтгэл зүйн асуудалтай нь холбоотой гэсэн тайлбар хийжээ. 

Тэмцээний бичлэгийг үзсэн ажиглагчид ч түүнийг тийм гүйцэтгэл дутуу үсрэлт хийж байхыг урьд хожид үзээгүй гэдгээ хэлсэн юм. 

Симонд хуваарийн дагуу энэ долоо хоногт гимнастикийн ганцаарчилсан төрөлд таван удаа өрсөлдөх оноолт үлдсэн боловч энэ маягаараа Олимпоос медаль авч чадах эсэхэд нь эргэлзэх хүмүүс бишгүй болжээ. 

Түүнчлэн өчигдрийн өмнөх өдөр Симон өөрийн инстаграм хуудаснаа ямар их дарамт мэдэрч байгаа тухайгаа хуваалцаж, “Одоогоор дэлхийн бүх жин миний мөрөн дээр буучихсан мэт л мэдрэгдэж байна. Би энэ дарамтаас ангижирч, надад огт нөлөөлөхгүй байгаа юм шиг харагдуулж чадахаа мэдэж байгаа ч заримдаа үнэхээр хүнд байх нь бий” хэмээн бичсэн юм. 

Олон нийтийн зүгээс түүнийг Олимпын наадмаа цааш үргэлжлүүлэх эсэхэд эргэлзэж байгаа ч Симон асуудлуудаа шийдэхэд нь хэсэгхэн хугацаа л хэрэгтэй бөгөөд Пүрэв гарагаас хуваарийн дагуу тэмцээндээ оролцох болно гэдгээ баталжээ. 


Эх сурвалж: UNILAD