Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 06-нд нийт 261 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүний шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд байгаа 52 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинэилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 8 хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 260 нь эмчлэгдэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж буйгаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 47 нь сувиллын ажиглалт, тандалтад, 30 нь гэрийн ажиглалтад байна. 183 хүний сувилал болон гэрийн ажиглалт тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээн мэдээллээ.