Саруулын Ариунжаргал
08 сарын 01, 2018
Жагсагчид 15 настай охиныг 6 сар хорих шийдвэр гаргасан шүүгчийн үйлдлийг эсэргүүцэж байна. Индонез улсын Суматра хотын гурван шүүгчийн эсрэг идэвхтнүүд гомдол гарган, гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн байна. Учир нь ахдаа удаа дараа хүчиндүүлэн, жирэмсэлсэн өсвөр насны хүүхдийг хууль бусаар үр хөндөлт хийлгэснийх нь төлөө 6 сарын турш шоронд хорих ял өгсөн гэнэ.
Эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах, хvvхдийн эрхийг хамгаалах эвлэлүүдийн төлөөлөгчид Индонезийн Шvvхийн комиссын гишvvдтэй Жакартад даваа гаригт уулзаж, тэдний цагдан хорих шийдвэрийг "маш шударга бус" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Индонезод үр хөндөлтийг зөвхөн хар, цагаан гэж үздэг бөгөөд эмэгтэйчүүд ямар ч тохиолдолд үр хөндөлт хийлгэх боломжгүй" гэж Эрүүгийн шүүхийн шинэтгэлийн институтийн (ICJR) судлаач Геновева Алисиа хэлжээ. Тэрээр тус уулзалтад байлцсан бөгөөд шүүгч нар гаргасан шийдвэрээ хуулийн дагуу энгийн үзэгдэл мэт үзэж байна гэж нэмж хэлсэн байна.
Индонезод үр хөндүүлэх нь хууль бус боловч хэрвээ амь насанд нь аюултай эсвэл хүчиндүүлсэний улмаас жирэмсэлсэн бол 40 хоногт үр хөндүүлэх эрхтэй. Харин охины хувьд 8 сартай жирэмсэн үедээ үр хөндүүлсэн учраас шүүгч тус шийдвэрийг гаргасан гэжээ.
Охины 17 настай ах дүүгээ удаа дараалан хүчиндсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд садар самуун кино үзсэнээс тус үйлдлийг хийсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргээр 2 жил хоригдох ял авчээ. Охины ээж мөн охиноо үр хөндүүлэхэд байлцсан хэргээр ял авсан байна.
Индонезийн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах эвлэлүүд гаргасан шийдвэрээ буцааж, охиныг хэрэгтэн биш харин хохирогч гэдгээр нь түүний асуудлыг авч үзэхийг хүсч байгаа ажээ. Одоогийн байдлаар шүүх комисс охины хэргийг дахин хэлэлцээд 30 хоногийн дотор хариу өгөхөөр болжээ. Хэрвээ охины ялыг хэвээр үлдээх аваас дээгүүр шатны шүүхэд давж заалдах төлөвлөгөөтэй гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.