Лондонгийн Middlesx-ийн их сургуульд бизнесийн удирдлагын ангид сурч ихийг сурч мэдэх хүсэлдээ хөтлөгдөж явсан А.Дэлгэрцэцэг бүсгүй гэнэтхэн аавыгаа алдсан гэдгээ мэджээ. Аавын амин хайртай охин энэ хүндхэн мэдээг дуулаад шууд л чемодонаа зэхэж, эх орондоо ирэв...

Ирээд найз бүсгүйтэйгээ уулзаж танил залуугаар хүргүүлсэн нь ирээдүйн нөхөр нь байжээ.

Үйл явдал яах ийхийн зуургүй өрнөж 3-хан сарын дараа тэр хөл хүнд гэдгээ мэдэв. Аавыгаа алдсан тэр орон зайг нь нөхөх гэсэн мэт гэнэтийн учралаар дүүрэн хүний амьдрал. Өдгөө 4 хүүхдийн ээж, "Mrs.Mongolia World 2018-Гоо ээж"-ийн Алтан эрдэнийн өргөмжлөлт, Хүүхэд хамгаааллын элч болсон түүнийг энэ удаа зочноор урилаа. Тэрбээр тун удахгүй АНУ-д болох "Mrs World 2018" тэмцээнд оролцохоор явах гэж байгаа юм.


-Бүл нэмэх болгонд төрдөг тэр мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Хүүхэд ирэх болгондоо гэр бүлдээ хайрыг харамгүй авчирдаг. Миний бодлоор хүүхдээ хайрлах хайр, нандин мэдрэмжүүд хуваагддаггүй, харин ч хүүхэдтэй болохын хэрээр үржиж нэмэгдэж байдаг гайхамшигтай зүйл. 


-Анх ээж болж байсан үеэ дурсвал…?

-Анх ээж болохдоо үнэндээ сандарсан. Ээж гадаадад байдаг, төрсөн охин дүү, эгчгүй тул зааж зөвлөх ч хүнгүй. Эх хүний зөн совин, байгалийн мэдрэмжээрээ үр хүүхдээ асарч тойлсон. Анхны хүүхдээ хөхүүлээд суухдаа л уйлчихдаг байсан, манай хүн гайхаж сандраад “Яагаад уйлчихав аа” гэж асуухаар мэдэхгүй байна аа гэдэгсэн. /инээв/ Үрээ хөхүүлэх гээд тэврэхэд хөхний булчин зангирч сүү ивлэх тэр мэдрэмжийг хайр гэж ойлгосон.


-Хүүхдүүд сониуч шүү дээ. Тэднээс ирдэг хамгийн хэцүү асуулт юу вэ?

-Ээжээ та бид нарын хэнд нь илүү хайртай вэ гэдэг л асуулт хамгийн хэцүү нь байх аа. /инээв/ Би бүгдэд нь хайртай гэдэг юм. Бас өнөөдөр хэн өвдөж байгаад нь эсвэл тухайн цаг мөчид бусдаасаа илүү тусламж хэрэгтэйд нь бүр ч их хайртай гэж хариулдаг.


-Өөрийгөө хэр сайн ээж гэж боддог вэ?

-Би хатуу зарчимч ээж биш. Сул талдаа ч гэж болно. Хүүхдээ чи заавал онц сурах ёстой, чи заавал тэгэх ёстой гэж хатуу шахдаггүй. Харин “Чи яг юу хүсэж байна” гээд нээлттэй ярилцдаг.

Өчигдөрхөн 5 настай охин маань дүүтэйгээ муудалцаад түлхээд унагачихсан. Тэгэхээр нь “Миний хүү таван настай учраас чамайг цохивол өвдөнө гэдгийг чи мэднэ. Харин дүү чинь одоохондоо үүнийг мэдэхгүй. Тэгэхээр мэдэж байгаа хэрнээ дүүгээ цохиж байгаа чиний л буруу” гэж тайлбарласан чинь “Ээжээ миний буруу” гээд уйлчихсан. Манайд иймэрхүү зүйл нэлээн болдог.

Хүүхдээ эрүүл хүн болгож өсгөхийн тулд яаран сандран цэцэрлэг өгдөггүй. Хоёр нас хүртэл нь хүүхдээ асардаг. Энэ бол хүүхдийн дархлаа суудаг хамгийн чухал үе шүү дээ. Тиймдээ ч ханиад шуухнаа хүрч байсан ч хүүхдээ нэг удаа ч хатгалгаа авахуулаагүй. 

Ер нь хүүхдээ хэт бөөцийлж бөмбийлгөөд байдаггүй. Зун шороон дээр тоглуулах дуртай, хүүхдүүд юм чинь хашаа давж гүйлдэг, жаахан халтайчихсан яваг л дээ. Тэр болгонд цэмцийтэл арчаад байдаггүй. 

Өмнө нь нөхөр хүүхдүүдийнхээ урдуур ороод бүх ажлыг хийхийг сайн ээж гэж ойлгодог байлаа. Ард нь асаалттай танк шиг зүтгэж хамаг ажлаа амжуулаад л. Гэтэл бид чинь эмэгтэй хүн. Бүх зүйлийг ганцаараа хийх амаргүй. Ингэж гүрийх биш нөхөртөө ядарч байгаагаа хэлдэг, хоорондоо маш сайн ярилцдаг байх ёстой юм билээ. Залуу хосуудад ч би хоорондоо сайн ярилцаж байгаарай, тэгвэл илүү сайн ойлголцоно гэж хэлмээр санагддаг.

-Гэртээ байх хугацааг эмэгтэй хүн яаж үнэ цэнтэй, утга учиртай өнгөрүүлэх ёстой гэж боддог вэ?

-Анхны хүүхдээ гаргаад гэртээ сууж байхдаа аль учраа олдоггүй байлаа. Заримдаа хямарна. Дараагийн хүүхдээ гаргахад сэтгэл зүй хүүхэд өсгөхөд бэлэн болчихсон учраас цагийг үр бүтээлтэй өнгөрөөж эхэлсэн. Хоол хийх, бялуу урлах, гоо сайхандаа яаж анхаарах талаар youtube-ээс байнга үзэж хийж туршдаг байлаа. Сүүлдээ нүүр будалт сонирхолтой санагдаад 2 хүүхдээ гаргачихаад Сити дээд сургуулийг make up artist мэргэжлээр сурч төгссөн. Сонирхлоороо нүүр будалт хийдэг. 

Гэртээ байна гэдэг өөрийгөө олох цаг хугацаа юм. Аль болох өөрийгөө хүсэл сонирхлынхоо дагуу хөгжүүлж болно. Ариун цэврийн шалгалт өгөх байгаа биш дээ, хааяа гэрийн ажлыг хойш тавьж яагаад болохгүй гэж. Нөхрийг ирэхэд гэр цэвэрхэн байх ёстой гэж хэн ч хэлээгүй. Магадгүй юм оёх дуртай бол нөхөртөө хэрэгтэй зүйлээ захихад аваад л ирнэ шүү дээ. Дуртай зүйлээ хийж байгаа эмэгтэй хүн бухимдаж стрессдэхгүй. Тэр хэрээр гэр бүлийнхэн нь ч амар тайван, аз жаргалтай байна. 


-Амьдралын сайн сайхан гэж юуг хэлэх вэ?

-Гэр орон хэрүүл шуугиангүй, хоёр биедээ сэтгэл хангалуун, хүүхдүүд нь ээж аавыгаа хараад баярладаг, сэтгэлийн амар амгалантай амьдралыг аз жаргал гэж ойлгодог. Мэдээж байгаагаасаа илүүд тэмүүлэх нь зөв л дөө. Гэхдээ авч чадахгүй зүйлдээ ач холбогдол өгч шаналахын оронд байгаагаа хэрэглээд цэвэрхэн явж болно шүү дээ. 

Амьдралд хүн өөрөө хүсэл тэмүүлэлтэй өөрийнхөөрөө байх сайхан. Анх түрээсийн байраас л амьдралаа эхлүүлж байлаа. Таван жил байр түрээсэлж байгаад гурав дахь хүүхэд төрсний дараа өөрсдийн гэсэн орон сууцтай болсон.  Цаг үргэлж дэмждэг нөхөртөө маш их хайртай. 


-Ингэхэд "Одонтой ээж" фэйсбүүк группээс зохион байгуулсан “Mrs Mongolia World- 2018” тэмцээнд орох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх  Одонтой ээж фэйсбүүк группын админ, “ Алунгоо эх” ТББ-ын тэргүүн Б.Гантуяа эгч маань санал тавьсан. Би өмнө нь тайзан дээр гарч үзээгүй гэсэн чинь бүгд л адилхан анх удаа гарч үзэж байгаа гээд...Уриа үг нь таалагдаад энэ тэмцээнд орох шийдвэрээ гаргасан. Нөхөртөө ч хэлсэн, угаасаа юу ч хийсэн цаг үргэлж дэмждэг учраас шууд л зөвшөөрсөн. Түрүүлнэ гэж ёстой төсөөлөөгүй. Нэг сар хамтдаа тэмцээндээ бэлдэж, нэгэнтэйгээ дотно болсон учраас аль нь түрүүлэхэд ч үнэндээ ач холбогдол өгөөгүй. Алтан эрдэнэ өргөмжлөл, титэм зүүчихээд тайзан дээр алхаж байхдаа өөртөө ч итгэхгүй уйлчихсан. /инээв/


-Хүүхдүүд нь шагналаа аваад ирэхэд хэрхэн угтав?

-Тэр үед бага маань өвдчихсөн учраас манай хүн хүүхдүүдээ хараад гэртээ үлдсэн. Одоо хүүхдүүд маань “Ээжээ та миссийн тэмцээний аварга тийм ээ” гэдэг юм. /инээв/ Охид маань бага байгаа. “Ээжээ титмээ надад өгнө тийм ээ” гээд л хөөрхөн шулганалддаг. Харин энэ тэмцээнд орсон маань надад олон боломжийг нээж өгсөн. Цаашдаа ч эх хүүхдийн чиглэлээр нийгэмдээ нөлөөлөх олон ажил хийхээр төлөвлөсөн. 


-Зарим бүсгүйчүүд карьер хөөдөг бол нөгөө хэсэг нь гэр бүлийг чухалчилдаг. Аль чухал гэж боддог вэ?

-Хүн нийгмийн эсвэл хувийн карьертэй байдаг юм санагддаг. Тэр нь бараг төрмөл зан чанартай нь холбоотой.

Хувийн карьертэй бүсгүйчүүд гэртээ байгаадаа аз жаргалтай байж чаддаг. Харин гэртээ хүүхдээ харж суугаа ч гэсэн ажил хиймээр, олон нийтийн ажилд оролцмоор байна гэдэг бүсгүйчүүд бий. Тэднийг нийгмийн карьертэй эмэгтэй гэж боддог. Би ч тэдний нэг.

Иймээс би бүсгүйчүүдийг заавал гэртээ суух ёстой, эсвэл ажил хийлээ гэж буруутгадаггүй. Энэ бол хувь хүний сонголт. Хүн нэг л амьдарна, өөрийнхөөрөө жаргалтай байсныг л амьдрал гэнэ. Ээж бүхэнд алдарт эх болох албагүй, хүүхэдгүй ч гэсэн өөртөө жаргалтай амьдардаг байж чадаж байвал болох нь тэр.

Зарим хүмүүс хүүхэд төрүүлээгүй, гэрлээгүй нэгнээ шалгаадаг, хүүхэд төрүүлээч гэдэг. Энэ бол бол нэг төрлийн сэтгэл санааны хүчирхийлэл учраас ийм асуултаар шахаж дарамт учруулж болохгүй.

Харин эмэгтэй хүн болгон тодорхой хэмжээгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байх ёстой гэж боддог. Одоохондоо амжихгүй бол төлөвлөөд бага багаар урагшилж болно.

-Сургуулиа хаяагүй бол гэж бодох үе бий юу?

-Энэ талаар бодож байсан. Магадгүй амжилт гаргачихсан, хүсэж мөрөөдсөндөө хүрчихсэн гээд. Гэхдээ эргээд харахаар хэрвээ тэгсэнсэн бол хүүхдүүд минь байхгүй гэж бодохоор жинхэнэ аз жаргалаа олж хардаг. 


-Дахиад бүл нэмэх төлөвлөгөө байгаа юу?

-Анхны хүүхдээ төрүүлчихээд яах ч учраа олохгүй сандарч явахдаа 10 жилийн дараа эхийн одон авна гэж зүүдлээгүй. Ер нь бол бүл нэмж эхийн нэгдүгээр одон авна гэсэн төлөвлөгөө бий. Одоохондоо 2 хүү, 2 охинтой учраас заавал дахин бүл нэмнэ гэж яарахгүй.


-Удахгүй “Mrs World- 2018” дэлхийн хэмжээний тэмцээнд орно. Хэр бэлтгэж байна вэ?

-Ирэх сард энэ тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод болно. Яг дөхчихсөн чинь сандарч байна. Гэхдээ ард нь гарна даа. Ойрд маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Тэр хэрээрээ хүүхэд гэр бүлдээ цаг зав бага гаргасан мэт гэмшил төрж байгаа. Тэмцээнд оролцоод ирэхээрээ хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж хөдөө гадна явна даа.

“Mrs Mongolia World- 2018”2018 оны 6 сарын 14