А.Энхбаатар: 6 настай хүүхэд морь унаж яваад биш ахдаа шатахуун хүргэхдээ даарч гар нь хайрагдсан

Х.Оргил
02 сарын 11, 2019

Сар шинийн баярын үеэр орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдаанч хүүхэд хоёр гараа хөлдөөсөн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. 

Бичлэг үзэх:

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар:

"Бид бүх аймаг сумдын Засаг дарга нарт 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон албан тоот хүргэсэн. Уралдаан зохион байгуулагдсан гэгдээд буй Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргатай мөн орон нутаг дахь мэргэжилтнүүдтэйгээ холбогдож тодрууллаа. Энэ бол нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа шиг уралдаанаас болж бэртсэн асуудал огт биш юм билээ. Бид ээжтэй нь холбогдож утсаар ярьсан. Шинийн нэгний өдөр айлд золгож явсан 6 настай нэгдүгээр ангийн хүүхэд ахынх нь мотоциклын бензин дууссаныг сонсоод ах руугаа гар чийдэн бариад гүйсэн юм билээ. Замдаа гар нь хайрагдаж маргааш нь сумын төвд боолт хийлгэжээ, эмч нь шаардлагатай бол Улаанбаатарт очиж үзээрэй гэж хэлсэн гэсэн. Золгуут хийхдээ боолтоо хийлгэчихээд вагонд явж байхад нь үе тэнгийнх нь хүүхдийн ээж зөвшөөрөлгүйгээр зургийг нь аваад нийгмийн сүлжээнд түгээсэн юм билээ. 

Нийгмийн сүлжээ хөгжих нь давуу тал болж хүүхдийн эрхийг хамгаалахад үүрэг гүйцэтгэж байгаа ч нийгмийг цочроосон бусдыг буруутгасан энэ мэт сөрөг хандлага ажиглагдах боллоо. Иймээс үнэн зөв эх сурвалжтай мэдээлэл тавихыг хүсмээр байна. Хэрвээ таны мэдээлэл буруу ташаа байгаа тохиолдолд энэ нь эргээд хүүхдийн эрхийг зөрчиж яваа үйлдэл болно, зөрчлийн хуулийн дагуу торгуулах шийтгэлтэй гэдгийг анхаараарай.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.