Сайжруулсан шахмал түлшний асуудлаар холбогдох албанынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Баяр амралтын өдрүүд буюу 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон 18 өрхийн нийт 40 иргэн хандсан. Тэдний 16 нь хүүхэд, 24 нь том хүн байна. Хүйтний эрч -27 градуст хүрч, галлагаа эд яваглаж байгаа. Энэ үед угаарын хийн дуудлага өнгөрсөн 10 дугаар сарын эхэн үетэй харьцуулахад эрс багассан. Иргэд шахмал түлшийг ахуйн хэрэглээндээ нэвтрүүлээд хэвшиж байна гэж ойлгож болохоор байна. 

Мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээллээр явуулж буй зөвлөмжийг мөрдөөгүйгээс тодорхой хэдэн тохиолдлоор дуудлага өгч байна. Шөнө зуухны сойлтуурыг хаалттай хонодог, яндангаа хөөлөхгүй, зуухаа цэвэрлэхгүй зэрэг шалтгаанаас агаар сэлгэлт явагдахгүйгээс болж, гэр байшиндаа угаартах явдал байна. Үүнд иргэд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай. 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал "Нийслэлд буй 12 суурь станцын энэ сарын 18-24-ны хоорондох мэдээнээс харахад РМ10 болон РМ2.5 хэмжээтэй тоосонцорыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50-60 орчим хувиар буурсан байна. Азотын давхар ислийн агууламж 20 орчим хувиар буурсан" хэмээлээ.

Мөн тэрээр "Улаанбаатар хотын хэмжээнд нийт 12 суурь станц орчны агаарын чанарыг тасралтгүй хэмжиж байдаг. Үүнд, орчны агаар дахь угаарын хийн агууламж, озон, хүхэрлэг хийн агууламж, РМ10 болон РМ2.5 хэмжээтэй тоосонцор, азотын ислүүд ордог.

Агаарын бохирдол үүсгэж, үзэгдэх орчныг хязгаарладаг зүйл нь тоос, тоосонцор болон түлшинд агуулагддаг чийглэгийн хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, түлшний шаталтаас ялгарч буй үнсний хэмжээ буюу тоосонцор /РМ10, РМ2.5/, нүүрсний чийглэг буюу усны уур агаарт дэгдэж үзэгдэх орчны хязгаарлалтад нөлөөлдөг. Эдгээр нь нийлж бидний хэлж заншсанаар орчны агаарын бохирдлыг үүсгэдэг. Мөн нүдэнд үзэгдэхгүй озон, угаар хүхэр, азот гэсэн нүдэнд үзэгдэхгүй хийнүүд байдаг. Агаарын бохирдлын бууралтын гол үзүүлэлт нь РМ10 болон РМ2.5 хэмжээтэй тоосонцор юм" хэмээн тайлбарлалаа.