Та өөрөө ч мэдэлгүй хүүхдийнхээ хамгаалуулах эрхийг зөрчөөд яваа юм биш биз? Тэгвэл "Айл гэр" подкаст НГБХЗХГ-ын мэргэжилтэн, сэтгэл зүйч Х.Оюунтуяатай Хүүхдийн хамгаалуулах эрхийн талаар ярилцлаа. 

-Подкастынхаа хамгийн эхний асуултыг нилээн ноцтой тоо баримтаас эхлэе. Монгол хүүхдүүдийн 48 хувь нь архинаас хамааралтай гэр бүлд өсөж байна гэсэн судалгаа байна. Энэ үнэхээр бодитой судалгаа гэж үү?

-Энэ бол хүн бүрийн хувьд маш цочирдом тоо баримт. Энэ бол судалгааны үндэслэлтэйгээр гаргасан тоо. Үндсэндээ хоёр хүүхэд тутмын нэг нь гэр бүлийн орчинд архидан согтууралт дунд өсөж байна. Үүний цаана бидний өнөөдрийн ярих гээд байгаа сэдэв болох хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөж байна гэсэн үг. Үүнээс улбаалаад хүүхдийн хамгаалуулах эрх гэж юу болох талаар товчхон мэдээлэл өгье. 

Хүүхэд бол нийгмийн бүхий л орчинд, аливаа төрлийн зөрчил, гэмтэл, гэмт хэрэг гээд хүчирхийллүүдээс бүхий л талаараа хамгаалагдах ёстой гэдгийг хуульчлан зааж өгсөн эрхийг хамгаалуулах эрх гэнэ. Хүүхэд нийгмийн бүхий л орчин гэдэгт гэр бүл, сургууль, гудамж талбай гээд бүхий л орчинд ийм зүйлээс хамгаалагдах ёстой байтал дээрх тоо баримтыг ярьж байгаа нь харамсалтай хэрэг. Тэгэхээр бүр нарийн яривал 2 хүүхэд тутмын нэг нь хамгаалуулах эрхээ зөрчүүлж байна гэсэн үг


-Тэгэхээр хамгаалуулах эрх хэрэгжихгүй зөрчигдөж байгаа хамгийн гол шалтгаан нь архидалт гэж ойлгож болох уу?

-Мэдээж хүүхдийн эрхийн зөрчлийг ангиллаар аваад үзэх юм бол маш олон төрлийн зөрчлүүд үүн дээр дурдагдана. Жишээ нь 2020 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага дээр тулгуурлан ярихад хүүхдийн хүчирхийллийн дуудлага 2700 орчим ирсэн. Үүнээс хүчирхийллийн хэлбэрээр хуваагаад үзвэл 80 гаруй дуудлага бие махбодын хүчирхийлэл байна. 

Хүчирхийллийн 4 хэлбэр байдаг бөгөөд эдгээрээс хамгийн эхэнд дурдагддаг хэлбэр нь бие махбодын хүчирхийлэл юм. 

Хоёрдугаарт үл хайхрах хүчирхийллийн дуудлага тал нь буюу 1300 дуудлага байна. Мөн дээрх байдлаас анзаарахад 2 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр архидалт бол үндсэн суурь нь. Мөн нийгэмд тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурал, хүүхдэд учруулж буй хүчирхийллийн гол зүйл нь архидалт байдаг учраас хамгаалуулах эрхийн зөрчлийн тод жишээ гэж хэлж болно.

"Айл гэр" подкаст НГБХЗХГ, "Амгалан дэлхий" ТББ, "Васт" студийн хамтын бүтээл:

-Хүүхдийн эрхийг хангахын тулд нэн түрүүнд тэмцэх нь архидалт, ядуурал. Энэ нь өөрөө маш урт хугацааны ажил. Та бүхний зүгээс энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах хамгийн эхний хариуцлага үүрэх нэг номерийн субъект бол мэдээж эцэг эхчүүд байна. Тэгээд төрийн зүгээс үүрэг хүлээгчид байна. Төрийн зүгээс үүрэг хүлээгчид гэдэгт нийгмийн бүхий л хүмүүс хамаатай. Хүүхэд хүрэхгүй, оролцохгүй, амьдрахгүй орон зай гэж байхгүй. Ийм учраас нийгмийн орчинд амьдарч байгаа бүх хүн хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байх ёстой гэдгийг хуулиар заагаад өгчихсөн. Үүнд нэн ялангуяа гэр бүлийн хариуцлага номер нэгт яригдана. 

Мөн үүрэг хүлээгчид гэдэгт салбар дундын нэгжүүд орно. Тэгвэл манай ХГБЗХГ-ын салбар, Цагдаа сэргийлэх, эрүүл мэнд, халамж даатгалын газар гээд бүхий л салбаруудын дунд хүүхдийн эрхийг хамгаалах цогц механизм, системт тогтолцоо бий болсон.Хамгийн түрүүнд хүүхдийн хувьд өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалуулах анхны эрх сурвалж бол хүүхэд. Тиймээс хүүхдэд хамгааллын эрхийн талаар ойлголт мэдлэг өгөх явдал юм.

Энэхүү мэдээллээр хангах үүрэг нь төрийн захиргааны байгууллагуудад оногдчихсон байдаг. Энэ хүлээсэн үүргийхээ дагуу хүүхдүүдийн дунд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтуудыг маш их хийдэг. Жишээ нь бид нарын яриад байгаа энэ асуудал ч гэсэн эргээд бүх насны хүмүүсийн олон нийтийн дундах хүүхдийн эрхийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилготой хийж байгаа ажлуудын нэг юм. 


-Түрүүний 108 утастай холбоотойгоор асуухад үл хайхрах эрх, бие махбодийн хүчирхийллийн дуудлага илүү ирсэн гээд. Хүүхдүүд ер нь өөрсдөө дуудлагаа өгдөг юмуу эсвэл ойр тойрных нь хүмүүс илүү өгч байна уу?

-Жишээлбэл 2016 оноос эхлээд хүүхдийн эрхийн, хүүхэд хамгааллын, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиуд бүгд шинэчилсэн найруулгаар батлагдаад, амьдрал дээр хэрэгжээд 4 дэх жилдээ орчихсон байна. Үүний цаана юу харагдах вэ гэхээр хууль эрхзүйн зохицуулалт сайжирсан. Эргээд хууль эрхзүйн талаарх мэдээлэл олголт сайжирсан байна гэсэн үг.

Жишээлбэл хүүхдийн эрх зөрчигдөхөд би ямар үүрэг хүлээх ёстой юм, мэдсэн тохиолдолд хаашаа хандах вэ гэдэг эх сурвалжуудын талаарх урьдчилан сэргийлэх ажлууд нэмэгдчихсэн учраас Монгол Улсын хувьд бага насны хүүхдээс авхуулаад өндөр настан хүртэл хүүхдийн эрхийн асуудлаар хүүхдийн тусламж үйлчилгээний утас 108-д хандах ёстой гэдэг ийм мэдээлэл нэмэгдчихсэн. 

Үүн дээр дуудлагын тоон дээр анализ хийгээд үзэхэд 20-иос доошгүй хувь дээр хүүхдүүд өөрсдөө хандсан ийм тоон мэдээлэл харагддаг. Тэгэхээр хүмүүс өөрөө өөрийгөө хамгаалах хамгийн анхдагч эх сурвалжийн талаар харьцангуй сайн мэдээлэлтэй болчихсон байна. 


-Иргэдийн дунд нилээн их байдаг жишээтэй холбогдуулаад асууя. Манай хажуу айл зодолдоод хэрэлдээд байдаг. Тэгээд 108-руу, цагдаа руу дуудлага өгөхөөр цагдаа нар хэрэлдэж муудалцаад дуусчихсан хойно ирчихээд худлаа дуудлага өгсөн гэж дуудлага өгсөн хүнээ буруутгадаг. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ? 

-Энэ цаг үед болж байгаа хамгийн чухал зүйл юу юм бэ гэхээр оршин суугчдын дунд бие биенийхээ амьдралд саад болж байна уу, амгалан тайван байдлыг алдагдуулж байна уу гэдэг асуудал бол зөвхөн архидан согтууралтаар тогтохгүй хүүхдийн дуу чимээ, тоглох, наадах хил хязгаар ямар байна вэ гэдэг асуудал сүүлийн үед түгээмэл байна. 

Үүний тухайд магадгүй хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсан тохиолдолд цагдаа асуудлыг нь шийднэ. Зөрчлийн тухай хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог хуулийн зохицуулалт бий.

Мөн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд бас зөрчлийн тухай хуулийн тодорхой зүйл заалтуудаар 100 нэгж хүртэлх мөнгөн торгууль ногдуулдаг зохицуулалт байдаг. Тэгэхээр би үүн дээр хүүхдийн эрхийн зохицуулалт талаас илүү түлхүү ярина. Ялангуяа хотын буюу нийтийн орчинд амьдарч сурна гэдэг хүнээс хүний эрхийн мэдрэмж, ёс зүй нэхэх зэрэг зүйлсийг илүү шаарддаг. 

Нэг ёсондоо миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг мэдэх шаардлагатай. Тэгэхээр хүүхдүүд гэртээ оройны 22:00 цагаас хойш дуу чимээ гаргахгүй байх талаас нь манай эцэг эхчүүд хариуцлагатай хандаж, хүүхдүүдэдээ шаардлага тавьдаг байгаасай гэж бодож байна.

Яагаад вэ гэхээр 22:00 цагаас хойш хүмүүсийн унтаж амрах цаг эхэлчихсэн байхад хүүхдүүд нь үймүүлж шуугиад байвал нөгөө айлдаа ч таагүй, нөгөө талаар хүүхдийн хувийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Хүүхдүүддээ 22:00 цаг гээд унтвал өндөр болдог гэдэг ч юм уу ийм утгатай зүйл хэлвэл эцэг эхчүүдэд амар болж, хүүхдүүдэд эерэгээр нөлөөлдөг.


-Та түрүүн ярьсан. Архидан согтуураад байвал эцэг эхчүүдийг 300 мянган төгрөгөөр торгодог гэж хэлсэн. Үүн дээр хөршүүд нь хяналттай байж, дуудлага өгч, идэвхтэй гомдол гаргах хэрэгтэй юу?

-Аливаа шинэ зүйлийг эерэг хэвшил болгохын тулд иргэн бүрийн оролцоо чухал байдаг. Үүнтэй адилхан сөрөг бүхэнтэй тэмцэхийн тулд мэдрэмжтэй соргог хандаж,  хууль журмын дагуу зохих газарт нь мэдээлэл өгч амь нас, эрүүл мэндийнх нь хувьд хамгаалах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Жишээ нь өнөөдөр хэн нэгэн хүүхэд уйлж байлаа гэхэд, хэн нэгэн эцэг эх хүүхдийн дэргэд архи ууж байлаа гэхэд эдгээрийг мэдээлснээр хүүхдийн амь насыг аврах хэмжээний үүргийг биелүүлж байна гэсэн үг. Зарим нэг ноцтой жишээнээс дурьдах юм бол хүүхдээ хөлдөөд амь насаа алдаж байгааг нь мэдэхгүйгээр архидан согтуурч хүүхдийнхээ амь насыг алдсан явдал бий. 

Тэгэхээр үүнийг хажуу айл, хамар хашааны хүмүүс нь мэдээд дуудлага өгчих юм бол нэг халуун амийг аврах боломж байгаа юм. Хүүхдийн хажууд архидан согтуураад байгааг цагдаагийн дуудлагаар өгдөг. Энэ нь зөрчлийн тухай хуулиараа цагдаагийн байгууллага шалган шийдвэрллэх чигтэй байдаг. Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 дахь заалтаар шалган шийдвэрлэгддэг. Тэгээд мэдээлэл өгсний дагуу цагдаагийн байгууллагын ажилтан 300 хүртэлх нэгжээр шалган шийдвэрлэх үүрэгтэй байдаг. 


-Таны хувьд энэ салбарт удаан ажиллаж байгаа хүний хувьд хүүхдийн дэргэд архидан согтуурснаас болоод хүүхдийн эрх яаж зөрчигдсөн талаар бодит жишээнүүдээс дурьдвал. Хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөж байгаа талаар?

-Байнгын архидан согтууралт дунд өсч байгаа хүүхэд бол бие физиологи, эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэлзүйн талаасаа бүрэн дүүрэн хүн болж төлөвших байдал дээр маш их учир дутагдалтай байдаг. Том хүн боллоо гэхэд ирээдүйд өнөөдрийн энэ амьдралыг давтах боломж нь улам нэмэгдэж байна гэсэн үг.  Хүүхэд өөрөө гэр бүлийн тусгал. Ялангуяа төрснөөс хойш бага насандаа зөв бурууг ялгахгүй, эцэг эх маань л зөв зүйлийг хийж байгаа гэж үздэг учраас буцаад эрүүл амьдралын хэв маягаас авахуулаад боловсролтой, эрдэм номтой хүн болох боломжид нь хар сүүдэр үлдээх асуудал үүсдэг учир гэр бүлийнхээ төлөө архидан согтуурлаас аль болох холдож, битгий хэрэглээч гэж анхааруулахыг хүсч байна. 


-Манайханд хариуцлагатай аав ээжүүд маш олон байгаа. Хариуцлагагүй аав ээжүүд ч байна. Би ямар агсан согтуу тавьдаг биш, зодоон нүдээн хийдэг биш гэдэг? Энэ хандлагын талаар юу гэж хэлэх уу?

-Тэгэхээр манайхан ингэж хэлдэг. Би архийг тааруулаад уучихдаг. Уулаа гэхэд ямар ч муу зан авир гаргадаггүй гэдэг. Гэхдээ энэ байдал олон удаа давтагдаад эхлэхээр хүүхэд буруу ойлголттой болдог. Насанд хүрсэн хүн чөлөөт цагаараа согтууруулах ундаа уудаг юм байна, энэ бол амралтаа өнгөрөөх арга юм байна, хэм хэмжээ, хэвшил дадал юм байна гэсэн ойлголттой болж хүүхдээ буруу хэвшил дадалтай болох суурийг нь бэлдэж өгдөг. Хуульд нэг удаа уусан бол тэгнэ, 2 удаа уусан бол тэгнэ гэсэн заалт байхгүй. 

Харин хүүхдийн дэргэд архидан согтуурсан бол гэдэг заалт байгаа учраас огт болохгүй гэсэн үг. Аль ч насны хүүхдийн дэргэд архидан согтуурах нь ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. 


-Архинаас хамааралтай гэр бүлд өссөнөөрөө тухайн хүүхдийн наад зах нь хамгаалуулах эрх нь зөрчигдөж байгаа тухай товчхон ярилаа. Тэгэхээр хамгаалуулах эрхийн талаар олон түвшинд ярьж болно. Үүний дараагийн асуудал нь хүүхэд гэр бүл, нэр төртэй холбоотой асуудлууд байгаа. Энэ тал дээр хамгаалуулах эрхтэй холбоотойгоор эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хүүхэд бол дөнгөж төрсөн цагаасаа эхлээд л өөрийн үндсэн эрхүүдтэй байдаг. Тэгэхээр үүнийг манай ээж аавууд юу гэж ойлгодог гэхээр энэ хүүхдийг би төрүүлчихсэн юм чинь энэ миний өмч. Энэ хүүхэдтэй яаж ч харьцсан хамаагүй, энэ миний эрхийн асуудал гэж боддог. Гэтэл яг үндсэндээ хүүхэд төрлөө л бол тантай ижил үндсэн эрхүүдээ эдлэх ёстой. 

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрхийн тухай хууль гээд бүх хууль эрхзүйн актуудаар албан ёсны болгоод өгчихсөн байдаг. Энэ дээр эцэг эхчүүд маань хүүхдийн хамгаалуулах эрхийн үндсэн нэг бүрдэл хэсэг болох хүүхдийн нэр төр, хувийн орон зай, гэр орны нууц, өөрийн гэсэн харилцааны орон зай гэх мэтчилэн  зүйлс дээр нөлөөлөхгүй, миний хүүхэд юм чинь би бүгдийг нь мэдэж байх ёстой гэсэн хандлагыг гаргавал эцэг эхчүүд маань хүүхдийн эрхийн зөрчил гаргаж байгаагаа төдийлөн сайн мэдэхгүй байна гэсэн үг. 

-Хүүхдийн нэр төр дээр эрх нь зөрчигдөж байна гэсэн бодит жишээнээс дурдвал? Түүнийг эцэг эхчүүд хэрхэн хангаж ажиллах ёстой вэ?

-Жишээ нь манай энэ ер нь ичимхий шүү, манай хүү ангийнхаа тэр охинд хайртай гэж байна гэх мэтчилэн яриа нь хүүхдийнхээ нэр төрд халдаж байна гэсэн үг. Эсвэл манай энэ гэж усан толгойтой хүүхэд байна аа, муу дүнгээс ерөөсөө салахгүй юм гэдэг яриа ч юм уу. Эдгээр нь эргээд хүүхэд нь би угаасаа л муу сурдаг хүн юм байна гэсэн бодолтой болох, сэтгэл санааны хувьд хохирол амсах зүйлс болдог. 

Хүүхдийнхээ юуг нь нийтэд ил зарлах, юуг нь нууж хаах вэ гэдэг дээр манай эцэг эхчүүд маш хэмжүүргүй ханддаг. Жишээ нь Манай энэ хүүхэд ичимхий гэдэг үг нь аан би ичимхий юм байна гэсэн ойлголтыг хүүхэд өөртөө бий болгодог ба үүнийг ятган үнэмшүүлэлт гэж нэрлээд байгаа юм. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдээ хамгаалах ёстой. 

Хамгаалахдаа юуг нь хэрхэн, хаана, яаж хамгаалах нь ч цаанаасаа хэм хэмжээтэй байдаг. Мөн өөр жишээ авмаар байгаа нь цахим хэрэглээтэй холбоотой. Жишээ нь нэгэн гэр бүл байлаа, тухайн хүүхдийн эцэг эх нь хүүхдийнхээ зургийг цахим ертөнцөд тавилаа гэхэд хүүхэд нь интроверт буюу дотогшоо чиглэсэн зан чанартай бөгөөд тэрхүү постууд, зураг хөргийг нь тавихад дургүйцэх ба үүгээрээ хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөж байгаа юм.

-Иймэрхүү асуудлууд маш их байдаг. Аав ээжүүд нь интернэт орчинд хүүхдийнхээ зургийг зогсоо зайгүй хийгээд л. Үүнийг яаж зохицуулах ёстой байдаг юм болоо. 

-Фэйсбүүкээр явж байсан нэгэн хошин нийтлэлээс хэлэхэд: 9 дүгээр сарын 1 боллоо, танай хүүхдийн хаана сурдагийг мэдэж авлаа. Шинэ жил боллоо танай гэр бүл хэрхэн амьдардгийг мэдэж авлаа гээд.

Хэдий хошин пост ч тухайн айлын хувийн орон зай, нууц аюулгүй байдал гэдэг тодорхой хэмжээгээр сөрөг байдлууд илрэх боломжтой байдаг. 

Тэгэхээр хүүхдийнхээ хувьд асууж зургийг нь нийтлэх л хамгийн зөв. Хүүхэд өөрөө олон нийтэд хандсан харилцааны хандлагад дуртай бол энэ асуудалгүй. Хүүхдийнхээ зан чанар, төлөв шинжийг л маш сайн мэддэг байх хэрэгтэй. Экстроверт үү, интроверт үү гэдгийг. Ер нь бол 7 нас хүрсэн хүүхдийг хууль эрхзүйн үндэслэлийн хувьд саналыг нь сонсдог болох ёстой гэж үздэг. Ингэснээрээ би чинь гэр бүлийнхээ хувьд хүндтэй нэг хүн юм байна. Миний санал бодлыг асууж байна гэсэн бодолтой болдог. Ингэснээрээ хүүхэд мөн адил бусдаас асууж, зөвшөөрөл авдаг болдог ба энэ нэг нэг том соёлын хэлбэрийг суулгаж байна гэж үзнэ.

Ер нь Монгол гэр бүлүүдийн онцлог бий, эцэг эхчүүд хүүхдээсээ хүндлэл хүлээхийг хүсдэг. Ингэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө маш өндөр үлгэр дууриалалтай байх хэрэгтэй гэж үздэг. Эдгээрээс харахад эцэг эхчүүд хүүхдээсээ саналыг нь асууж, сэтгэлээсээ энгийн чөлөөтэй байдлаар ярилцвал хүүхэд цаашдаа өөртөө итгэх итгэлтэй болж, нийгэмд ч өөрийгөө таниулах чадвартай болдог. Энэ нь хүүхэд хамгаалагдах эрхээ эдлэж байна гэсэн үг. Үүнээс улбаалаад хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй, хөгжих эрхтэй гэсэн ойлголт руу шилжинэ.


-Хамгаалуулах эрх нь маш нарийн бөгөөд эдгээрийг анхаарахын тулд эцэг эхчүүд хамгаалуулах эрхийн талаар мэдээлэл илүү их авах ёстой юм байна гэж бодогдлоо. Гадны улс орны хувьд гэр бүл хүүхдүүд сэтгэлзүйчид маш ихээр ханддаг. Үүгээрээ дамжаад хамгаалуулах эрхийн талаар мэдээлэл аваад түүнийгээ хэрэгжүүлээд байдаг. Харин манай аав ээжүүд яах ёстой вэ? Сэтгэл зүйч рүү илүү хандах уу, хаанаас мэдээлэл авах талаар ярьвал?

-Хуулийн тайлбарууд дээр аваад үзэх юм бол хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах хамгийн эхний субъект бол эцэг эхчүүд. Эцэг эхчүүд хүүхэд гэр бүлдээ хайр халамжтай, аз жаргалтай, амгалан тайван байдлыг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Мөн хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёлд төлөвшүүлэх үүргийг хуульчлаад заагаад өгсөн байгаа. Мөн хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүргийг эцэг эх хүлээдэг.

Жишээ нь хүүхдийг халуун тогоонд түлчихдэг. Хэдий гэр бүлдээ олуулаа байгаа боловч орчин үед сатааруулагчид маш олон болчихсон байгаа бөгөөд түүндээ сатаарах хоорондоо хүүхдээ хайхрахаа мартдаг. Үүнээс үүдэлтэй ахуйн хүрээний эрсдэл маш их. Гэр хороололд байгаа айлын хувьд гадаах жорлон, нохой гэх зэрэг зүйлс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд маш их байдаг. Эдгээрээс эцэг эхчүүд хамгаалах ёстой. Мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг хэвшүүлэх хэрэгтэй. Хэрвээ эцэг эхчүүд хүсэх л юм бол үүнтэй холбоотой маш их эх сурвалжууд байдаг болсон. 

Энэ тал дээр харин цензуртай хандах байдлууд л янз бүр байгаа. Хүүхэд хүмүүжлийн эерэг арга гэдэг нь юу вэ гэхээр хүүхэд хамгааллын эрхийг хангаж өгөөч. Ингэхдээ зодож шийтгэхгүйгээр ярих, үлгэрлэн үзүүлэх, биеэр үзүүлэх зэрэг эерэг аргуудыг амьдрал ахуйдаа хэрэгжүүлж хэвшээч гэсэн зорилготой байдаг. Мөн хууль тогтоомжинд заасан үйлчилгээнд хамрагдуулах үүрэгтэй. Жишээ нь хүүхдийг вакцинжуулалтад хамруулахгүй бол хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзээд зөрчлийн тухай хуулиар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг оногдуулна гээд хуульчлаад өгчихсөн байдаг. 


-Гэтэл вакцины тухайд вакцин шаардлага хангасан үгүйд эргэлзсэн эцэг эхчүүдийн яриа маш их байдаг. 

-Үүн дээр хэлэхэд маш их мэдээллийн эх сурвалжууд байгаа. Үүн дээр цензуртай, шинжлэх ухааны үндэслэлтэй, батлагдсан эх сурвалжид найдаж байгаач гэдэг зүйлийг хэлмээр байгаа юм. Батлагдаагүй аргуудаар хүүхдээ эмчилж эсрэгээрээ хүүхдээ эрсдэлд оруулах асуудал үүсдэг. Шинжлэх ухаанаар батлагдсан, аюулгүй гэж үнэлэгдсэн вакчинуудад хүүхдээ заавал хамруулах ёстой. Ялангуяа товлолт вакцин буюу анхны төрсөн өдрөөс эхлээд 15 нас хүртэлх вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Харин томуугийн вакцин ч юмуу сонголттой хийлгэдэг вакцинд хамрагдуулаагүй бол үүн дээр хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Мөн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулах ёстой гэдгийг хуульчлаад заагаад өгчихсөн байгаа. Сургуулийн өмнөх боловсролд хамруулаагүй бол энэ нь хүүхдийн эрхийн зөрчил болох юм.


-Хүүхэд ахуйн осолд өртөж байгаа тохиолдол буурахгүй байна. Халуун тогоонд түлэгдлээ гэсэн дуудлага маш их байдаг мөн эцэг эхчүүд ажил хийх гээд хүүхдээ гэртээ түгжээд орхиод явчихдаг. Түүнээс болоод эзэнгүй байгаа хүүхдүүд ахуйн осолд өртөх тохиолдлууд гардаг. Энэ нь нөгөө талаасаа айл өрхүүдийн орлого, амжиргаатай холбоотой байна уу даа гэж нь харагддаг?

-Тэгэхээр ер нь бол 10 хүртэлх насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээхийг хориглодог. Яагаад гэхээр энэ хүртэлх насны хүүхдүүд хөгжил, төлөвшлийн талаасаа ч тэр, хувь хүний талаасаа ч өөрөө өөрийгөө бие даан удирдах, буруу зөрүү зүйлийг шүүн тунгаах боломж нь бага байгаа учир 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь үлдээж болохгүй. Ингэсэн тохиолдолд хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэж үздэг. 

-Би энэ тал дээр маш олон жишээнүүд сонсож байсан. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд харах хүн байхгүй байхад үүнээс өөр арга алга гэсэн яриа гардаг.  Үл хайхрах хүчирхийлэл хийж байгаагаа мэддэггүй юм шиг байгаа юм?

- Ийм яриа гардаг л даа. Гэхдээ нарийн ярьвал эцэг эх болж байна гэдэг нь хүүхдээ харж халамжлах нөхцөл байдлыг анхнаасаа бүрдүүлсэн байх ёстой. Энэ бол хувь хүний зохион байгуулалттай холбоотой асуудал гэж болно. Гэхдээ Монголчуудын хувьд нэг эерэг зүйл нь маш гэр бүлсэг хүмүүс. Эмээ өвөө, ах дүү, хамаатан садан нь тусалж дэмжих тохиолдлууд олон байдаг.

-Нэг талаасаа санаатай болон санаандгүй байдлаас хүүхдээ бага анхаардаг эцэг эхчүүд байхад нөгөө талаасаа хүүхдээ маш их анхаардаг, хариуцлагатай аав ээжүүд ч байдаг. Гэхдээ энэ байдлаараа хүүхдийнхээ бүх зүйлсийг хааж хорих тохиолдол байдаг. Бэртэж гэмтэнэ, орж гарж болохгүй, хамгаалж байна гээд бүх зүйлийг нь хаачихдаг. Энэ зөв үү, буруу юу?

-Аливаа зүйлс хэт багасаад ирвэл эрсдэлтэй, хэт ихсээд ирвэл бас эрсдэлтэй. Хүүхдээ мэдээж хамгаалах ёстой. Гэхдээ хамгаалахдаа хүүхдийн орон зай, өөрийн гэсэн сонголт хийх боломж, нийгмийн амьдралд оролцох эрх гээд тэр бүх зүйлүүдийг зөрчөөд эхлэх юм бол мөн адил сөрөг үр дагавар бий болдог. Жишээлбэл хариуцлага нь хэтэрчихсэн ээж аавууд байна. 

Хүүхдийнхээ босох, суух, явах, унших, идэх, уух гээд бүх юмыг нь заагаад байж байдаг. Гэтэл гадагшаа ертөнцөд гарлаа л бол маш олон эрсдэл байгаа. Лифтэнд суух, гэрлийн шон, утас шөрмөс, машин техник гээд л ярьвал маш их эрсдэл байгаа.

Тэр бүр дээр эцэг эх маань гүйж очиж зохицуулж чадах уу гэвэл үгүй. Тэгэхээр  надгүйгээр энэ хүн яаж амьдрах ёстой вэ гэдэг дээр анхаарах ёстой. Нар гарвал шүхрийг нь бариад л, цас орвол гутлыг нь шүүрдээд л. Энэ  бүхэн дээр үргэлж очиж зохицуулж чадах уу гэдгийг л бодох хэрэгтэй. Яагаад гэхээр хүүхэд чинь нийгмийн амьдралд хэрхэн дасан зохицох вэ, эрээн бараан зүйлсэд яаж дасах вэ гэдэг чадамжуудыг өгөхийн тулд зарим хамгаалалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай юм.

Жишээ нь техник технологи хөгжөөд ирэх үед хүүхдийнхээ гар утсанд GPS суулгачихсан, фэйсбүүк болон бусад зүйлсийн бүх нууц үгийг мэддэг. Энэ байдлаараа хүүхдийнхээ хувийн орон зайг үгүй хийдэг. Итгэлцэл гэж нэг зүйл байгаа шүүдээ. 

Итгэж байж заримдаа зөв голдирлоор явах боломж бүрдэж байдаг. Гэтэл хэт их дагаж мэдээллийг нь судалснаас болоод хүүхэд өөрөө өөртөө итгэлгүй болдог, айдаст автдаг. Энэ байдлаас болоод хүүхэд өөртөө итгэлгүй, нийгэмд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй, эрх чөлөөгүй болдог. Тэгэхээр маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ зүйлсээс болоод ээж аавууд хүүхэд өсгөх ямар хэцүү юм бэ гэсэн хандлагатай байдаг. Гэтэл хорвоо дээрх хамгийн сайхан, эз жаргалтай зүйл бол ээж аав байх. 


-Танд хамгийн сүүлд эцэг эхчүүдэд хандаж хэлэх зүйл юу байна вэ?

-Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд, хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд маш их эх сурвалжууд байна гэж хэлсэн. Энэ дундаас албан ёсны хаашаа хандаж болох вэ, хэнтэй хамтарч ажиллаж болох вэ гээд хүүхэд хамгааллын эрхийг хангахын тулд эцэг эхчүүд маань нийгмийн бусад байгууллага, хүмүүстэй хамтран ажиллана гээд хуулиар заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ үүргээ биелүүлхийн тулд эцэг эхчүүд маань хамгийн түрүүнд хандах ёстой газар бол мэдээж хэрэг манай Нийслэлийн ГБХЗХГ юм.  Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар гээд фэйсбүүк хуудас мөн байгаа. 

Эндээс хүүхдийн хүмүүжилтэй холбоотой, хүүхэд гэр бүлийн асуудалтай холбоотой мэдээллийг авч болно. 

Түүнээс гадна нийслэлийн 9 дүүрэгт гэр бүл хөгжлийн хэлтсүүд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хэлтэсүүд дээр сэтгэл зүйчид ажилладаг. Мэдээж асуудлаа өөрсдийн түвшинд шийдэж чадахгүй байгаа бол мэргэжилтнүүдэд хандах шаардлагатай. Үүн дээр мэргэжлийн сэтгэл зүйчид, хүүхдийн эрхийн ажилтнуудтай холбоотой мэдээлэл авч болно. 

Түүнээс гадна хүүхдийн эрхтэй холбоотойгоор Хүний Эрхийн Комисстой хамтраад ажиллаж, мэдээлэл авч болно. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагуудын хувьд бол хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эцэг эхчүүдэд зориулсан энэ сургалтын материал, мэдээллээр хангаж өгөх үүргийг хүлээж байдаг.