Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?

Peak.mn
10 сарын 04, 2024

Дэлхийн хүн ам ихсэхийн хэрээр уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал урган гарч ирж байна. Үүнийг зохицуулах цор ганц шийдэл нь тогтвортой хөгжил гэдэгт улс орнууд санал нэгддэг билээ. 

Тиймээс Peak.mn сайт энэхүү нийтлэлээрээ улс орнууд ногоон хөгжлийг дэмжихийн тулд ямар технологи, инновацийн шийдлүүдийг хэрэгжүүлж байгааг тоймлон хүргэе. 

#Цахилгаан зам

Шведэд цахилгаан машинаа жолоодож байхдаа цэнэглэж болдог дэлхийн анхны цахилгаан замыг угсарчээ. Энэ нь цахилгаан соронзон орныг ашиглаж индукцээр дамжуулан цахилгаан машиныг цэнэглэх шинэ технологи юм.

Швед улс 2030 он гэхэд дотоодын тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг 70-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавиад байгаа юм. Одоогийн байдлаар Норвеги, Хятад, АНУ, Итали, Герман зэрэг улсууд цахилгаан замыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн байна. 


#Хог хаягдлаас төвлөрсөн дулаан хангамж

Энэ нь хог хаягдлыг ангилан цуглуулж, шатааснаар дулаан ялгаруулах технологи юм. Ингэснээр нийт эрчим хүчний 93% нь дахин боловсруулагдсан эсвэл сэргээгдэх эх үүсвэрээс бүрдэх боломжтой. 

Уг технологийг Швед, Герман зэрэг европын орнууд маш амжилттайгаар ашиглаж байна. 


#Дахин боловсруулалт 

Швед улсад хэрэглэсэн хуванцар сав, хөнгөн цагаан лаазаа тушаадаг автомат машин байдаг. Савны хэмжээнээс шалтгаалж мөнгө авах эсвэл хандивлах гэсэн 2 сонголт гарч ирдэг байна. 

Ингэснээр Швед улс нийт хуванцар сав, хөнгөн цагааныхаа 84 орчим хувийг дахин боловсруулж, байгаль орчиндоо ямар ээлтэй орон гэдгээ сайн батлан харуулж байгаа юм.


#Давсгүйжүүлэх технологи

Хятад улс усны хомсдолоо бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд давсгүйжүүлэх технологид ихээхэн хөрөнгө оруулж байна. 

Энэ технологи нь усан нөөцөөс давс болон бусад хольцыг салган авах үйл явц юм. Усан хангамжийг сайжруулж, нөөцийг нэмэгдүүлэх энэхүү аргыг усны хомсдолтой бүс нутгуудад өргөн ашигладаг. 


#Босоо газар тариалан

Таримал ургамлыг босоо болон хэвтээгээр нь давхарлан ургуулах үйл явцыг босоо газар тариалан гэнэ. 

Энэ технологийн хувьд бага талбайд их ургац хурааж авах, хөрсний эвдрэл болон химийн бордоог бууруулах, уламжлалт газар тариалан эрхлэхээс 90%-аар бага ус ашиглах боломжийг агуулдаг. Одоогоор Япон, АНУ, Солонгос, Сингапур зэрэг орнууд уг технологийг амжилттай сайн хэрэгжүүлж байна.


#Модон барилга

Швед улс бол тэр чигтээ ой мод. Модон барилга барих нь нүүрстөрөгчийн ул мөрийг багасгадаг. Мод бол нөхөн сэргээгдэх болон дахин ашиглах боломжтой нөөц учраас Шведчүүд өөрсдийн онцлог баялгийг маш сайн ашиглаж буй хэрэг юм. 


#5G сүлжээ

5G сүлжээ нь иргэдийг алсаас ажиллах боломжоор хангаж, машины хэрэглээ болон түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. 

Түүнчлэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд тустай эд аж. Тухайлбал, хиймэл оюун ухаанаар ажилладаг гал илрүүлэх төхөөрөмж нь илүү холын зайд холбогдсоноор хурдан шуурхай арга хэмжээ авах чадамжтай болох бөгөөд энэ нь ойн доройтлоос сэргийлэх, экосистемийг хамгаалахад тустай. 


#Цахилгаан тээврийн хэрэгсэл

Цахилгаан тээврийг бидний амьдралд гарсан хамгийн оновчтой шийдэл гэж хэлж болно. Учир нь цахилгаан машин агаар дахь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хамгийн зөв шийдэл юм. Түүнчлэн дуу чимээний бохирдлыг багасгах давуу талтай. 


#Борооны ус хураах систем

Манай дэлхийд ган гачиг болох нь ихсэж байгаа энэ цаг үед борооны усыг цуглуулах технологиор ундны цэвэр ус гарган авах боломжтой болжээ. Европын орнууд энэхүү аргыг өргөн ашиглаж байгалийн усан хангамжийг сайжруулахад анхаарч байна. 


Бэлтгэсэн: Н.Жавхлан 

Холбоотой сэдвүүд

инноваци ногоон дэлхий

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.