Наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орсон усархаг аадар борооны улмаас үерт өртсөн айл өрхүүдэд бүрэн тавилгатай гэр олгох шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар гаргалаа.

Мөн тэдэнд туслах хандивын аяныг сумын ЗДТГ-аас зохион байгуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 13 айлын гэр усанд автаж найман айлын байшинд ус орж тавилга, эд хогшил норсон аж. Үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг тус сумын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын алба хаагч, орон нутгийн иргэд нийт 36 хүн гүйцэтгэж байна.

Одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хүчтэй аадар борооны улмаас Айраг сумын төвийн хэд хэдэн газарт их хэмжээний ус тогтоод байна.