ТОКИО. /Nikkei/. Хятадын онлайн худалдааны хамгийн компани болох “Alibaba Group”-ын зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароос давж, энэ үзүүлэлтээр Азидаа эхний байрт орлоо гэж Nikkei сонин мэдээлжээ.


Тус сонины шинжээчдийн онцлон тэмдэглэснээр, ирэх жил Азийн технологийн компаниудын хувьцааны ханш өсөх хандлага хэвээр байх төлөвтэй байна. “Alibaba” компанийн зах зээлийн үнэлгээ жилийн эцэст 570 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Тэгвэл Америкийн онлайн худалдааны томоохон компани болох “Amazon”-ы зах зээлийн үнэлгээ өнгөрч буй онд 20 хувиар өссөн байна.


Дэлхийн чансаанд “Alibaba Group” 588 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй “Facebook” компанийн дараа долдугаарт бичигджээ. Энэ жил “Alibaba Group” Хонконгийн хөрөнгийн бирж дээр хоёр дахь удаагаа хувьцаагаа гаргаснаар 12.3 тэрбум ам.доллар олсон байна.


"Alibaba Group” нь цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компани юм. Жэк Ма тус компанийг 1999 онд байгуулжээ. Компани мөн “Alipay” хэмээх өөрийн гэсэн төлбөрийн системтэй. Түүнчлэн “Alibaba”, “AliExpress”, “Tmall” болон “Taobao” гэдэг охин компаниудаас гадна, үүлэн болон хиймэл оюун ухааны технологи боловсруулагч “Alibaba Cloud” болон “AI Labs” компанитай юм. Албан ёсны мэдээллээс үзвэл, “Alibaba Group”-ын орлогын 86 орчим хувийг интернэт арилжаа бүрдүүлдэг байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг