Онлайн худалдаагаараа алдартай Амазон бренд гоо сайхны талбарт хүч үзэхээр шийдсэн нь үнэхээр гэнэтийн хэдий ч тэд Лондон хотноо хамгийн анхны технологийн дэвшилтэт шийдэл бүхий үсний салоныг нээжээ.

Amazon

Тус салон нь Лондонгийн Спайталфийлдс гэх газарт байрлах бөгөөд ердийн тольны хажууд тусгай зориулалтын толь байрлуулсан нь үйлчлүүлэгчид үсний өнгө, тайралтын жишээнүүдийг харуулах гэнэ. Мөн цахим сэтгүүлүүд бүхий таблетууд байх ба та ямар загвараар үсээ өөрчлөхөө мэдэхгүй бол тэндээс үзэж болно. 

Түүнчлэн үсний салоны уламжлалт үйлчилгээнүүд болох үс тайрах, сэнсдэх, будах зэрэг ч тэнд бий. 

Салонд ажиллах үсчид нь Лондонгийн бие даасан “Невилл” хэмээх үс болон гоо сайхны салоны мэргэшсэн ажилчид байх гэнэ. 

Amazon

Мөн салон дотор жижиг хэмжээний дэлгүүр байх бөгөөд үйлчлүүлэгчид хүссэн бүтээгдэхүүнийхээ QR кодыг уншуулаад Амазоноор худалдан авалт хийх боломжтой.  

Тус салон ойрын долоо хоногуудад олон нийтэд үүд хаалгаа нээх ажээ. Тэгэхдээ Амазоны ажилчид салоноор үйлчлүүлэх анхны үйлчлүүлэгчид болох гэнэ. 

Амазон брендийн Британи дахь салбарын ерөнхий менежер Жон Боумфрэй BBC агентлагт хэлэхдээ “Бид энэхүү салоныг нээхдээ үйлчлүүлэгчдээ тус салбарын хамгийн өндөр технологи, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, стилистүүд ямар байгаатай танилцаасай гэж хүссэн. Энэ салбарт нэвтэрснээрээ бид үйлчлүүлэгчиддээ нэг алхам ойртохыг зорьсон. Тус салон бол бидний шинэ технологи туршиж үзэх, салбарын бусад байгууллага, үйлдвэрлэгчидтэй хамтрах талбар байх болно” гэжээ. 

Мөн Амазоны зүгээс тухайн салон нь ердөө туршилтын шугамаар нээгдэж байгаа учир одоогоор өргөжүүлэн тэлэх, өөр салбар нээх төлөвлөгөөгүй байгаа гэдгээ хэлсэн байна. 

Лондонгийн зүүн өмнөд бүст байрлалтай нэгэн салоны эрхлэгч Жан Мерканы хэлж байгаагаар энэ алхам нь жижиг, бие даасан салонуудад хохиролтой хэмээжээ. Түүнчлэн “Амазон бренд онлайн худалдаагаа л хийж байсан нь зүйтэй. Өнгөрөгч жилд салонууд маш хүнд цаг үеийг туулсан харин Амазон хөл хорионы үеэр ихээхэн ашиг олсон. Үсээ засуулах гэдэг жижиг дэлгэцтэй харьцаад болчих асуудал байж болохгүй. Үсчинд очно гэдэг хүн хоорондын харилцааны асуудал” гэжээ.


Эх сурвалж: BBC