Онлайн худалдааны хамгийн том тоглогчдын нэг Амазон компани ирэх сард 9000 ажлын байраа цомхотгоно гэв.

Ингэхдээ зар сурталчилгаа болон үүлэн технологийн албыг хариуцаж буй ажилчдын тоог цөөрүүлэх гэнэ.

Дэлхий даяар 1.5 сая гаруй ажилтантай тус компани өнгөрсөн 1 дүгээр сард мөн 18 мянган ажлын байрны цомхотгол хийсэн билээ. 

Энэ талаар Амазоны гүйцэтгэх захирал Анди Жасси  “Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд зарим салбар, нэгжийг татан буулгахаас өөр аргагүй байна” гэжээ. 

Үүний гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой юм. Тодруулбал ковидын хөл хорионы үеэр онлайн худалдааны эрэлт эрчимжиж, салбарын хувьд хамгийн өсөлттэй жилүүдийн нэг байсан. Гэвч хүмүүс энгийн амьдралын хэв маягтаа шилжихийн хэрээр Амазоны эрэлт буурч байгаа аж. Тиймээс ковидын үед нэмсэн ажлын байруудаа цөөрүүлж байгаа гэлээ. 

Үүнтэй адилаар Google, Meta зэрэг технологийн акулууд ч өнгөрсөн жилээс эхлэн ажилчдынхаа тоог цөөрүүлэх бодлого баримталж буй юм.