АМНАТ-ын захиалагч нь З.Энхболд уу

Х.Оргил
11 сарын 20, 2019

Иргэн С.Баярмаагийн гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. 

Ингэснээр Монгол Улс ирэх жилээс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ыг компаниудаас авч чадахгүйд хүрээд буй. Жилд 1.3 их наяд төгрөгийг төсвөөс сох дутахад хүргэсэн уг шийдвэрийн улмаас АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Сангийн сайд жиргэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн АМНАТ-ийг устгасан жинхэнэ эзэн, захиалагч нь З.Энхболд байж болох талаар эдийн засагч Л.Наранбаатар баримт дэлгэсэн нь шуугиан дагуулаад байна.

Тэрбээр, "З.Энхболд болон “Страто”-гийн ээлж дараалсан мэдэгдлүүдээс харахад манай Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” компанийн лоббид автаж, тус компанийг татвараас чөлөөлүүлэхийн төлөө Монголоо хорлож, 1.3 их наяд төгрөгийн татвараар хохироож байна. Энэ их төлөөсийн эцэст “Страто” компани татварын буцаалт авна. Харин бид байгалийн баялгийнхаа эзэн биш болох нь. Иймд УИХ яаралтай энэ алдааг нэн даруй засаж, залруулахыг хүсье. Саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг... нь төрийн нийтийн өмч мөн” заасныг эрхэм УИХ-ын гишүүдэд сануулах нь илүүц биз" хэмээн бичжээ.

Мөн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан иргэн С.Баярмаа нь 2018 оноос “Страто” компанийн хуульч гэсэн баримтуудыг дэлгэсэн байна. Уг баримтыг дэлгэснээс болж эдийн засагч Л.Наранбаатарыг цагдаа, прокурор гээд хэд хэдэн газарт байцаалт аваад байгаа аж.

Холбоотой сэдвүүд

амнат цэц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.