Д.ЭРДЭНЭТУЯА
05 сарын 29, 2023
Монгол Улсын эдийн засгийн үндсэн тулгуур бол уул уурхайн салбар. Энэ салбараа үр дүнтэй, хариуцлагатай ашиглаж байж бид эдийн засгаа, экспортоо эрчимтэй нэмэгдүүлж чадна. Өдгөө бид зэс, цайрын баяжмалыг эс тооцвол ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг ямар ч баяжуулалт, боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээлгүй түүхийгээр нь экспортлож байна.
Жилдээ 30 гаруй сая тн нүүрс, 8-9 сая тонн төмрийн хүдэр экспортлодгоос ердөө 5 хүрэхгүй хувийг нь баяжуулж экспортлодог. Бид 2019 оноос эхлээд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хөл дээрээ босох гэж байсан өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ олон улсын жишиг үнэ, давхар АМНАТ, дагалдах металл зэргээс нь АМНАТ авна гээд 20 гаруй үйлдвэрийнхээ хаалгыг барьж, 1500 гаруй хүнээ ажилгүй болгосон.
Монголд өөрийн ордтой төрийн өмчийн цөөхөн хэдэн компани баяжуулалт, боловсруулалт хийх боломжтой. Гэхдээ тэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй, татвар, НДШ, АМНАТ-ийн хүндрэлээс гарч чаддаггүй нь томоохон хөрөнгө оруулалт хийхэд чөдөр тушаа болж буй юм.
“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Катодын зэсийн үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс угаах үйлдвэр, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын Гангийн үйлдвэр хэдэн жил болов? Дахин хэдэн жил хэрэгтэй вэ?
Монгол Улсад нэмүү өртөг шингээж угаасан нүүрс экспортлох илүү үр дүнтэй, өндөр ашигтай. Бид нүүрсний биет хэмжээнд анхаараад байгаа болохоос угаасан нүүрс, кокс үйлдвэрлээд экспортловол илүү их валютын орлого олох боломжтой юм.
Бодлогын яамд нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгож, валютын орлого нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх ач холбогдлыг ойлгохгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг бодлого баримтлаад сууж байдаг болсон. Ашигт малтмалын тухай хуульд 2019 оруулсан алдаагаа засахгүй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгадаа бас дахин алдаагаа давтаж оруулаад байна.
"Танай улсын АМНАТ болохгүй байна гэж дампуурсан хэдэн үйлдвэрийнхэн шүүмжлээгүй, ЕСБХБ, Австрали, Канадын хөрөнгө оруулагчид, АМЕP төсөл, олон улсын судалгааны Адам Смит Интернэйшнлийн баг хүртэл шүүмжилж буй юм.
Ашигт малтмалаа баяжуулж, боловсруулаад экспортловол ямар их ач холбогдолтой болохыг төрийн гурван өндөрлөг, гишүүд, сайд, дарга нар бүгд ярьдаг боловч тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад анхаарах эзэнгүй болсон.
Монгол Улс жоншны нөөцөөр дэлхийд 4-т ордог томоохон тоглогч болох боломжтой. Харамсалтай нь бид, жоншны хүдрээ ямар ч боловсруулалтгүйгээр экспортлосоор байна. Жоншийг баяжуулаад, бүтээгдэхүүн болговол 10-100 дахин их үнэлгээтэй бүтээгдэхүүн болгох төсөлтэй залуучууд ч бий. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход бас л давхар АМНАТ саад болж байна.
Энд төмрийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний талаар онцолъё. Монгол Улс төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журам батлаад олон жил болсон. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчдээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсан ч олон удаа өөрчилж, экспортлогч компаниудынхаа өрсөлдөх чадварыг бууруулж, тэд төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүйд хүрсэн.
НӨАТ-ын тухай хуульд НӨАТ-ын буцаан олголтыг багасгахын тулд 2009 онд “Эцсийн бүтээгдэхүүн” гэсэн тодорхойлолт гаргаж ирээд, Засгийн газрын тогтоолоор төмрийн хүдэр 20-56%, баяжмал 57-80%, бүтээгдэхүүн 80%-иас дээш байна гэсэн дэлхийн аль ч улсад байхгүй, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй ангиллыг батлуулсан.
Байгаль дахь төмрийн хүдэр хамгийн дээд тал нь 65% хүртэл баяжигдах боломжтой боловч олон улсын үйлдвэрлэлд 62% хүртэл баяжуулж, энэ стандартаараа дэлхийн зах зээлд Platts Index Fe 62% гэж үнэ зарладаг. Манай улсаас бусад улс орнуудад 62% хүртэл баяжуулаад, түүнээс дээш боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд “бүтээгдэхүүн” гэж үздэг. Бид олон улсын тоглоомын дүрмээр явж байж гадаадын хөрөнгө оруулагчдыг татна, тэдэнтэй хамтарч ажиллана.
Монгол улс судалгаа муутай гаргасан бодлогын үр дүнд төмрийн хүдрийг баяжуулалт болон боловсруулалт хийх шаардлагагүйгээр экспортлохоос өөр аргагүй нөхцөл бий болгосон. Учир нь 80%-иас дээш агуулгатай төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж НӨАТ-аа буцаан авах эрх үүсэхээр харгис босго тогтоож өгсөн нь баяжмал, магнетит, аргалж, хорголж, ширэм, ган үйлдвэрлэх боломжийг бүрэн хаасан. Төмрийн хүдэр олборлогч болон үйлдвэрлэгч компаниуд маш их хөрөнгө оруулалт хийж баяжмал, хорголжин, ширэм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ ч нөхөж чадахгүй татварын орчныг бий болгосон.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ХХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Алтайн хүдэр” ХХК компаниуд яагаад өндөр агуулгатай төмрийн хүдрээ экспортлоод, яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэр барихгүй байна вэ. Тэдний буруу биш. Бид экспортын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогоо яаралтай өөрчлөх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хуулиас илүү дотоодын үйлдвэрлэгчдэд тохиолдож буй татварын хүндрэлүүдийг засах шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэлээ дэмждэггүйг мэддэг улс Монголын бүтээгдэхүүнийг импортлоод, баяжуулж, боловсруулах үйлдвэр байгуулсан байдаг.
Бид ган хийж чадахгүй гэхэд ядаж хорголжин, ширэм хийдэг болох хэрэгтэй. Төмрийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний Засгийн газрын тогтоолоор батлагдсан ангиллыг оновчтой болгож, Ашигт малтмалын тухай хуулинд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ төлдөг болгох, АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй, борлуулалтыг гэрээний үнээр тооцдог, хорт хольцоос АМНАТ ногдуулж авахгүй болох хэрэгтэй.
Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд хамгийн үр дүнтэй оруулснаар олон жил ахиулж чадаагүй нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхэд том түлхэц болно.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хүнд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт”-ийг хэрэгжүүлэхэд хуулийн болон бодлогын өөрчлөлтөө яаралтай хийх цаг болсон. Бид боломжоо алдсаар байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.