Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон “Страто” компанийн талаар баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ардчилсан намын зөвлөх З.Энхболд нь улс төрийн эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх асуудлаар ТЕГ, АТГ, УЕП байгууллагад хандаж байна гэлээ.

Л.Наранбаатар: Энэ хэрэгтэй холбоотой 3 баримтыг дэлгэе.

1.Страто компанийн зөрчил: 

Энэ компанийн гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг. Энэ хүн  З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнес хийдэг хамаарал бүхий этгээд юм. Энэ хоёр хүн хоёр компанийг хамтран эзэмшдэг, нэг оффист нэг өрөөнд ажилладаг. 

З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг нарын хамаарал бүхий эдгээр компани хууль бус олон үйлдлийг хийсэн. Шивээ Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг Страто компани 1,5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2018 оны 5 дугаар сард ашиглалтад оруулжээ. Гэтэл  ТЭЗҮ нь 2018 оны 12 дугаар сард гарсан байдаг.  ТЭЗҮ нь батлагдаагүй байхад буюу 7 сарын өмнө үйлдвэр нь ашиглалтад ороод нүүрс угаагаад эхэлж.   ТЭЗҮ-гүй хэр нь үйлдвэр барьж, үйлдвэрлэл эхэлсэн нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үндэслэл. Газар эзэмшлийн асуудал нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй учирч байсан. 

Энэ компанийн 50 хувь Хятадын хөрөнгө оруулалттай "Шинжаан сэхэ эдийн засгийн худалдаа ХХК" эзэмшдэг.  37 хувийг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой хамаарал бүхий этгээд А.Баттүшиг бусад 2 хувийг Монгол Улсын хоёр иргэн эзэмшдэг. 

“Страто” компани 70 ам.доллароор нүүрс худалдаж аваад, 140 ам.доллароор зарж байгаа гэдгийг А.Баттүшиг захирал нь өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байдаг. Жилийн орлого нь 2,5 их наяд төгрөг. Тэгэхээр яавч жижиг компани биш. 

2.Страто компанийн лобби процесс буюу амнат

Үндсэн Хуулийн Цэц иргэн С.Баярмаагийн гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан. Энэ бол Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулахуйц гэмт үйлдэл болсон. Үүнийг З.Энхболд байнга өмгөөлж, хамгаалж ярьдаг. Сэтгүүлчдэд өмгөөлж худлаа мэдээлэл өгсөн. Үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар улсын төсвийн орлогын томоохон хэсэг, төсөв болон Ирээдүйн өв сангаар дамжуулан ард иргэддээ уул уурхайн өгөөжийг хүртээх эх үүсвэр буюу АМНАТ байхгүй болсон. Байгалийн баялаг ард түмний өмч гэсэн гол заалтыг хүчингүй болгочихсон гэсэн үг. 

Яг нарийндаа Страто компани тухайн үед АМНАТ, НӨАТ-аа төлдөггүй, маргаан гаргаж байсан юм билээ. Сангийн яаманд маргаан үүсгэсэн. Улмаар Баярмаа гэгчээр дамжуулж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд энэ асуудлыг маш хурдан өлгөж аваад нүд ирмэхийн зуур шийдвэр гаргасан.

Тухайн үед би энэ асуудлыг хөндөж албаны хүмүүст анхааралдаа авч хуулийг сэргээсэн байдаг. Ингэснээр энэ бусармаг үйлдэл зогссон. Үүнээс болж З.Энхболд бас л намайг өөрийн гэсэн "Хонгил"-оор оруулах гэж үзсэн. Маш тодорхой хэлвэл З.Энхболдын эхнэр Бат-Өлзий гээд эмэгтэй бий. Энэ хүн ямар ч засаг солигдсон ч ХЗДХ-ийн яаманд газрын дарга хийдэг.  Эрхүүгийн хуулийн их сургууль төгссөн юм билээ. Хамт төгссөн хүмүүсийн хамт бүлэглэл үүсгэчихсэн.Ард нь цагдаа нар, шүүх бий. Зөвхөн намайг ч биш жирийн иргэн, сэтгүүлчийг ч энэ хонгилоор оруулах гэж оролддог.

3. Страто компанид хууль бусаар татварыг тогтворжуулах гэрээ хийсэн

Энэ бол одоо байгаа татвар нэмэгдэх юм бол татвар төлөхгүй гэсэн гэрээ хийжээ. Үүнд импортын, татварын, ААН-ын, АМНАТ багтаж байна. Одоо ч бас л татвар төлөхгүй гээд  татварын маргаан үүсгэж яваа сурагтай. Ийм нэг даварсан компанийг толгойг илсээр байх уу.

Тэгвэл олборлолтын лицензтэй, өөрийн баяжуулах үйлдвэртэй Монголын "МАК", "Өсөх зоос", "Энержи Ресурс" гэх компаниуд 140 ам.долларын үнийн түвшинд ямар ч хөнгөлөлтгүй 6.5% АМНАТ төлж байна. Тэд бол Монголын компани, баяжуулах үйлдвэрээсээ гадна уурхай, дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтад хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, мянга мянгаар нь тогтвортой ажлын байр бий болгосон компаниуд. Гэхдээ олборлосон түүхий нүүрснээсээ “Страто” шиг ямар ч хөнгөлөлт эдэлсэн удаагүй.