УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр П.Галиндэв тэргүүнтэй "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний гишүүдийг цагдаад өгчээ. Энэ дагуу тус хөдөлгөөний гишүүд цагдаад дуудагдан, мэдүүлэг өгсөн байна.

Энэ талаар П.Галиндэв "Ардчилсан намын залуус АН-д болохгүй, бүтэхгүй зүйлс маш олон боллоо гээд сүүлийн гурван сарын хугацаанд дуу хоолойгоо хүргэж байна. АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийн гар хөл болж, АН-ыг МАНАН бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгож байна. Мөн АН-ыг УИХ-д бүлэггүй болгосон. Энэ мэт маш олон үндэслэлээр АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг залуус бид шаардсан. Тэмцэл хийгээд, үнэн бодит зүйлийг яриад илчлээд ирэхээр үг хэлдэг хүнийг намаасаа хөөдөг, эсвэл хууль шүүхийн байгууллага цагдаад өгдөг нам болж хувирчихаад байна. Тиймээс бид тэмцэж, дуугарч байна.

Өнөөдөр манай намын дарга С.Эрдэнэ биднийг цагдаад өгсөн байна. Ямар үндэслэлээр вэ гэхээр бид С.Эрдэнэ даргыг 15 үндэслэлээр огцрохыг шаардсан. Үүнийг С.Эрдэнэ дарга өөрийг нь гүтгэсэн гэж үзэж буй юм байна. Бид гүтгэсэн гэж бодохгүй байна" хэмээн tovch.mn сайтад яриа өгчээ.

П.Галиндэв