Ардчилсан нам 9 дүгээр Их хурлаа энэ сарын 5-нд хийсэн. Тэгвэл тус Их хуралд оролцсон Ардчилсан намын төлөөлөгчид намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээжээ. 

Тус ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ИЛ ЗАХИДАЛ

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, журмын андууд аа,

Монгол оронд ардчиллын үрийг тарьж, арвин гэж хэлэхгүй ч, анхны үетэй харьцуулахад чамлахааргүй ургац хураасандаа омогшин, тэмцэж, бүтээж босгосон үнэт зүйлээрээ бахархан суугаа эгэл жирийн, эрхэм зорилгодоо эргэлтгүй үнэнч АН-ын гишүүд, дэмжигчид та бүхнийхээ амрыг айлтган мэндчилье.

Та бидний хүсэн мөрөөдсөн ардчилал үндсэн зорилгоосоо илтэд хазайж, түмний итгэлийг алдахад тун ойрхон ирснийг үгүйсгэх аргагүй боллоо. Сонгуулийн үед 60 тэрбумын хэрэгт холбогдсон эрх баригч МАН -ын 65 суудалтай УИХ, түүний байгуулсан хоёр Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. 

60 тэрбумдаа эрдсэн тэд төрийн албан хаагчдыг хоморголон халж, төсвийн хөрөнгө, түмний өмчийг хууль бусаар хуваан идэж, хуйвалдан шамшигдуулж, албан тушаал хөрөнгө мөнгөө булаацалдан УИХ-ын гишүүд нь хоёр талцаж, Засгийн газрын гишүүд нь их хурлаа бойкотолж төрийн хямрал ноцтой байдалд хүрлээ.

Ийм эгзэгтэй цаг үед АН-ын IX их хурал хуралдаж, Монгол төр ариун байж, ард түмэн эрх чөлөөтэй, шударгаар хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх баруун төвийн “Үзэл баримтал”-аа баталсан нь түүхэн үйл явдал боллоо. Түүнчлэн Үзэл баримтлалдаа нийцүүлэн Ардчилсан намын дүрэмдээ тодорхой өөрчлөлтүүдийг орууллаа. Нам бол үзэл баримтлал дээр нэгдсэн гишүүдээ, дүрэм журмаар засагладаг систем. Нэгдсэн үзлээ хамгаалж, баталсан дүрмээ баримтлах нь хүний ёс, намын жишиг, ардчиллын амьдрах зарчим. Өнөөдөр дүрэм зөрчсөн гишүүнтэйгээ хариуцлага тооцож чадахгүй нам, хожмоо төрийн эрх барих нөхцөлд хууль зөрчсөн гишүүнтэйгээ хариуцлага тооцож эс чадна.

Монголын ард түмэн 2016 онд Ардчилсан намыг сөрөг хүчин байлгах гэж сонголтоо хийж  төрийн ажилд хатуу хяналт тавих үүрэг өгсөн. Сонгогчидоос өгсөн энэ үүргийг биелүүлэхэд намын удирдлага, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төдийгүй шударга үнэний төлөө тэмцэж ирсэн ардчилсан намын бүх гишүүд, дэмжигчдийн дуу хоолой чухал гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид тийм л эр зоригоор 1990 оны ардчилсан хувьсгалыг хийж МАХН-ын Улс төрийн товчоог буулгаж байсан түүхтэй. Тийм учраас Ардчилсан нам улс төрийн тулхтай хүчний хувьд үүссэн нөхцөл байдалд бодитой хандаж, цаашид ардчиллын үнэт зүйлсээ тууштай хамгаалж, улс орноо зөв замаар урагшлуулахын төлөө үзэл баримтлалдаа үнэнч байж, эрх баригчдын элдэв бусармаг үйлдлийг таслан зогсоохын төлөө бүх хүчээ нэгтгэн тэмцэх нь чухал гэдгийг энэ удаагийн намын их хурал нотоллоо.

Цагийн эрхээр идээ бээр нь дэлбэрч, хууль бус хулгайн үйлдлүүд нь ил тод болж байгаа МАН-ын эрх баригчдын бузар булай үйлдэлтэй эвлэршгүй тэмцэхийн учир өөрийн намын үнэт зарчмаас ухарч элдэв бүлэглэлийн хуйвалдаанд хутгалдаж, хууль бус үйлдэл нь нотлогдсон хэн нэгнийг өмгөөлөн хамгаалахгүй гэдгээ Ардчилсан намын 180 мянган гишүүд, тэднээр дамжуулан ард түмэндээ илэрхийлж байна.

Эдийн засгийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө улайрал, эд баялгийн шуналаараа хуваагдан талцаж, өнөөдрийг хүртэл ам дамжсан яриа, алдаг оног мэдээ, тойм төдийгөөр хязгаарлагдан байсан “гэмт үйлдлүүд “ ил болон, иргэдийн дэмжлэг авахын төлөөх улс төрийн тэмцлийн их хуваагдлын эгзэгтэй үед Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхнийг ардчиллын үйл хэрэг, намынхаа үзэл баримтлалд үнэнч байж, гишүүн, дэмжигчийнхээ үүргийг нэр төртэй биелүүлнэ гэдэгт бид итгэж байна.

Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойн мэнд дэвшүүлж, эх орон, ард түмэн, ирээдүй хойч үеийнхээ төлөө тууштай зүтгэсэн даруухан бөгөөд шударгуу гавьяанд тань талархан халуун баяр хүргэе.


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Ардчилсан намын IX их хурлын төлөөлөгчид

2018.12.05