Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, гамшгийн болон аюултай хэмжээнд хүрч болзошгүй талаар ОБЕГ, ЦУОШГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЦУОШГ-ын дарга "Маргаашаасаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, төвийн бүсийн зарим аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Салхины хүч нэлээд сэрүүсч, зарим сумын хэмжээнд гамшгийн түвшин хүрч болзошгүй байна. 

Цаг агаарын байдал муудаж буйтай холбоотойгоор маргаашаас эхлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг ажиллаж буй цаг агаарт зориудаар нөлөөлөх экпедицүүдийн үйл ажиллагааг гурав хоног зогсооно. Гамшгийн нөхцөл байдал үүсч болзошгүй учир ийм арга хэмжээ авч байна" гэв.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Маргааш буюу тавдугаар сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговийн нутгаар, Төв, Дунговь аймгийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 мерт, зарим үед 34 метр секунд хүрч, хүчтэй шуурна. Төв болон Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана.

Бусад аймагт цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдана.

Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар, Төв, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурна.

Энэ сарын 14-15-ныг шилжих шөнө Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Төв, говь, зүүн аймгуудын нутгаар , 16, 17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

Цаг агаарын энэ үзэгдийг яагаад онцгойлж байна вэ гэхээр 2008 оны 5 дугаар сарын 26-27-нд дээр дуурдсан аймгуудаар үүнтэй ижил цаг агаарын үзэгдэл болсон. Энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхины эрч секундэд 28-34 метр хүрч, гамшигт үзэгдэл болсон. Тухайн үзэгдлийн үеэр ЦУОШГ болон ОБЕГ-аас урьдчилан сэргийлэх мэдээлэл хийж, олон нийтэд анхааруулсан ч 52 хүн амиа алдаж, 324.000 мал хоргодож, холбоо болон эрчим хүчний маш олон шон унаж, 100 гаруй байшингийн дээвэр, гэр нурсан.

Энэ нь хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл ч иргэдийн хэнэггүй, хайхражгүй байдлаас хүний амь нас эрсдсэн тохиолдол олон гарсан.

Гамшиг, аюултай үзэгдэл болох өдрийн өглөө дээрх нутгуудаар цаг агаар тогтвортой, дулаан байна. Үдээс хойш буюу 14 цагаас температур огцом унаж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурна.

Иймд иргэд өглөөний наранд хууртаад хөнгөн нимгэн хувцаслах, малаа холын бэлчээрт явуулах, хүүхдээ малд явуулах зэрэг алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна" хэмээлээ.