АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хасах хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийг Бүгд найрамдах намаас гаргасан бөгөөд үүнд ААНОАТ-ыг 35-аас 21 хувь болгож бууруулах талаар тусгасан юм. Түүнчлэн хувь хүний орлогын албан татварын дээд хэмжээ 40 хувь байсныг 37 болгож бууруулах саналт тавьсан юм. 

Танхимаас хуулийн төслийг энэ мягмар гарагт 227 хүний дэмжлэгээр баталжээ. Эсэргүүцсэн гишүүд 203 байсан аж. Төслийг энэ долоо хоногтоо багтаан хууль болгоно гэж хэвлэлүүд мэдээллээ. Татварыг сүүлийн 30 жилд байгаагүй ихээр хасна гэж Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа амалсан. Зах зээлийн томоохон тоглогчид эл шийдвэрт ихээхэн хошуурч, татварын хэмжээг бууруулснаар эдийн засгийн өсөлт сайжирна гэсэн байр суурьтай байгаа юм. Харин зарим нь чинээлэг хүмүүс, томоохон компаниудын орлогын албан татварыг хасахыг эсэргүүцэж, санхүүгийн алдагдлыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.