Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор батлагдсан. Үүний үр дүнд 20 гаруй жилийн өмнөөс ярьж байсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдсэн билээ.  

Энэ хүрээнд "МИАТ" ТӨХК болон “AerCap” компани энэ оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний "Хубилай хаан" ВOEING787-9 DREAMLINER агаарын хөлөг Монголын “Чингис хаан” ОУНБ-д газардлаа.

АНУ руу шууд нислэг үйлдэх энэхүү агаарын хөлгийг "Meilan" нисэх буудлаас агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал, агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ө.Амарбат, Б.Амарсанаа нар нисгэн, Улаанбаатарт амжилттай буулгав. МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм байна. 

Уг агаарын хөлөг холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар (30 бизнес, 36 премиум, 226 энгийн) захиалжээ.

Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авах юм.