Б.Баясгалан
06 сарын 14, 2019
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхилоо.
УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчидийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, дөнгөж саяхан буюу 6 дугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа баталчихаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байна.
Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч шинэ хууль баталчихаад энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энгийн хуулиар дөрвөн минут ярих ёстой байсан бол Дэгийн шинэ хуулиар Үндсэн хууль хэлэлцэгч найман минут үг хэлж, 10 минут саналаа хэлэх ёстой. Тэгэхэд одоо энгийн хуульд хавчигдаад олонхиороо түрээд батлах асуудал яриад явж байгаа нь тун хариуцлагагүй хэлэлцүүлгийн эхлэл болж байна гэж харагдаж байна.
Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Ийм боломжоороо хаагдсан байгаа. Би дахин шаардлага тавъя. Энийг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж энэ хэлэлцүүлэгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна. Ингэж байж эхлэхгүй бол энэ хууль чинь өөрөө цаашид явах гарцгүй болно шүү гэдгийг бид эрх баригчдад анхааруулж байна. Тиймээс одоо цөөнх, сөрөг хүчин бидэнд ганцхан боломж үлдлээ. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид нар энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга байхгүй байна" гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан Ардчилсан намын гишүүдгүй үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.