Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг, Ардын уран зохиолч, СГЗ Б.Баастад Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Тэрбээр шагналаа авсныхаа дараа

"100 насныхаа босгон дээр төр түмний хишиг хүртэж, өндөр шагнал авсандаа баярлаж байна. Би монгол төрдөө 86 жил тасралтгүй ажилласан хүн. Нас дээр гарсан ч гэсэн хоёр таягтай хэвээрээ байгаа. Миний хоёр таяг гэдэг бичих, унших хоёр. Ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд зүтгэнэ. Ард түмэндээ баярлалаа, бүгдээрээ 100 наслаарай. 100 насалж болно шүү, гайгүй юм байна" гэсэн юм.

Өдгөө 97 насыг зооглож буй Бөхийн Баастыг ахмад зохиолчид монголын утга зохиолын хоёр зууны нэвтэрхий толь гэж нэрлэдэг. 1930-аад оноос бүтээлээ туурвиж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа нэгэн юм.

Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль / 1964/-ийг төгссөн.
МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" / 1957/, "Хөөрхөн Баадий" /1959/, "Бушуу туулай" /1967/, үгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" /1965/, "Хунгийн дууль" /1970/, "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн редакторласан аж."Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1966/, "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ тус тус хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" /1999/, Монгол улсын "Ардын уран зохиолч" /2006/ хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.