Хөх толбот Д.Төмөр-Очир
04 сарын 12, 2018
"Ертөнцөөс" таслагдсан бөглүү тосгоны хичээл сургууль тарсан тул хийх зүйлгүй уйдаж цөхсөн хүүхдүүд элдвийг сэтгэж өөрсдийгөө зугаацуулах аж.
Нэг удаа гэнэтийн хачирхалтай үйл явдал болох нь тэр. Ойд осолдсон дайсны онгоцны нисгэгчийг томчууд олзлон тосгондоо авчирчээ. Лужир том биетэй хар "Олз" хүүхдүүдийн хувьд ёстой л амаа ангаж алмайрмаар жигтэй сонин "амьтан" байлаа. Хар арьст, үлэмж биетэй хүнийг анх удаа харж байгаа хүүхдүүдийн хувьд тэр бол хүн гэхээсээ илүү ямар нэгэн зэрлэг амьтан мэтээр төсөөлөгджээ.
Тиймээс тэр "Олз"-ыг ойроос ч болов харах гэж амь тавин зүтгэлдэж, томчуудын ар өврөөр гүйлдэх тэдний сонирхол шохоорхолыг юугаар ч хэмжих билээ дээ. Харин зохиолын гол баатар хүүд хар "Олз"- той ойр байх завшаан тохиолджээ. Юутай азтай хэрэг вэ! Амьдардаг гэрийнх нь доод зооринд уг "Олз"-ыг хорьсон тул аав нь харгалзах, мань хүү хоол унд оруулж өгөх үүрэг хүлээсэн аж. Тосгоны атаман сэтэрхий уруулт түүнд атаархаж үхэх гэж байгаа нь лав. Тэр бүү хэл хар цэргийн баас шээсийг зөөхдөө мань атаман ямар их баяртай байсан гээч! Дайсан этгээд тул яаж ч болзошгүй гэсэн хар сэжиг хүүхдүүдэд төрөхгүй. Ганцхан л юмнаас айна. Хэзээ хотоос хүн ирж авч явах юм уу, аль эсвэл буудан хороох бол гэхээс үхтлээ айна.
Томчуудын хувьд дайсны цэргийг тэжээх, харгалзах нь бөөн дараа байсан бол хүүхдүүдийн хувьд энэ нь салж хагацамгүй сайхан зугаа. Сүүлдээ түүнийг ямар нэгэн амьтан биш, хүн утгаар нь хүүхдүүд ойлгож, хайрлан өрөвдөж байна.
Сэтэрхий уруулт гэж дэггүй золиг ямаа олж ирж хар цэргийн цангааг нь тайлсан гээд боддоо. Хар "Олз"-ыг анх ямар нэгэн зэрлэг амьтан гэж хүлээж авсан балчир жаалууд түүнд дасаж хүний ёсоор энэрэн хайрлахыг хүсэж байна. Томчууд хүүхдүүдийн хооронд татсан үл харагдах хөшгийг тэмтэрч, өсвөр насны хүүгийн сэтгэл зүйг гайхалтай дүрсэлсэн байна. Хотынхон хөдөөний хүмүүсийг болхи бүдүүлэг гэж үздэг тэр хандлагыг үзүүлэхдээ муухай хувцас бохир үнэрээсээ ичих мөртлөө хотын хөөрхөн охинд сээтэн хаях санаатай байгаа бөөдий жаалаар төөлүүлж байна ...
Авьяаслаг оюутан Оэ Кензабүро хорин гурван настайдаа бичсэн "Тэжээмэл" зохиолоороо Японы утга зохиолын домог болсон суутан Акутагавагийн нэрэмжит нэр хүндтэй шагнал хүртсэн нь аз од гэхээсээ илүү авьяас мэдрэмжий нь үнэлсэн хэрэг байжээ.
Дайны үеийн хүүхэд насны дурсамжаасаа сэдэвлэн бичсэн уг зохиолын дүр дүрслэл, хэлэх гэсэн санаа, мэдрэмж энэ тэр бол ярих юм байхгүй шүү. Япон зохиолчдын бичлэгийн өвөрмөц хэв маягийг энэ зохиолоос хангалттай олж харна.
Алдарт зохиолч Оэ Кензабүро бага байхдаа Шведийн зохиолч Лагерлёфийн "Галуу дагасан гайхамшигт аян" зохиолд ухаангүй дурлаж, галууны хэл мэддэг Нильс хүү шиг болчихоод алс хол Скандинав руу нисэн очихыг мөрөөддөг байжээ. Хожим энэ мөрөөдөл нь биелэлээ олж зохиолч Оэ Кензабүро утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн хоёр дахь Япон зохиолчоор тодорч агаарын "мөнгөн шувуу"-аар дүүлэн нисэж алс холын Швед оронд очин шагналаа гардан авчээ. Хувь заяа гэгч энэ буюу. Алдарт зохиолчийн ууган хүү нь оюуны хомсдолтой төрсөнд ихэд цочирджээ. Шувууны дуу авианд жигтэйхэн дуртай, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэг тэр жаалхүү зургаан настайдаа "Усны түнжүүр дуугарч байна" гэж анх удаа хүний хэлээр ярьжээ. Аавынхаа шувууны хэл сурах гэсэн хүслийг хүү нь биелүүлсэн гэлтэй. Өөрийнхөө дотоод ертөнцийг хөгжмийн хэлээр гайхалтай илэрхийлдэг хөгжмийн зохиолч болжээ. Юм бүхэн учир шалтгаантай аж.
"Өнө олон жилийн өмнөх өвгө дээдэс шигээ Шикокүн ойд амьдарч байхдаа би буйдхан энэ ертөнц, амьдралын ийм хэв маяг хүнд жинхэнэ эрх чөлөөг мэдрүүлдэг юм байна гэдгийг ойлгосон" хэмээн зохиолч маань Нобелийн шагнал гардан авахдаа уншсан "ХОЁРДМОЛ ЯПОН ОРОН БИД ХОЁР " лекцэндээ дурдсан байна. Энэ номд уг лекц бүрэн эхээрээ багтсан байгаа. Буйдхан амьдралын хэв маяг жинхэнэ эрх чөлөөг мэдрүүлдэг гэдгийг нүүдэлчин удамт хүмүүс даанч сайн мэднэ дээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.