"Хүчтэй сэтгэж байж хүчтэй зохиол бичнэ" гэж судлаач, орчуулагч Д.Гүн-Үйлс хэлсэн нь үнэн л дээ. Энэ роман бол Монголын уран зохиолд нэг шинэ үзэгдэл мөн. Сэтгэлгээ нь мундаг, ур чадвар өндөр учраас ийм гайхалтай зохиол төрж байна. Хятад хүн романы гол баатар болсон нь манайдаа л анхдагч байх. Нулимсны бүтэц, мөн чанары нь мэддэг гоц авьяастай гэж байгаа. Ми овогт хужаад юу тохиолдох, хувь заяа нь хаашаа эргэх нь тодорхойгүй учраас хуудас алгасан "харайлгаж" болохгүй, анхааралтай уншихаас өөр аргагүй. Зохиолын гол баатар ямар хүн бэ? гэж асуувал би үнэндээ хариулж мэдэхгүй. Ер нь "хачин" дүр. "Үхэхээс бусдыг үзэж, үхээртэй хүртэл нөхөрлөсөн" энэ хүний амьдрал адал явдлаар дүүрэн. Баялаг амьдралыг туулж бахархал дүүрэн амьсгал хураана гэдэг хүн болж төрсний гавьяа тэр бизээ.

 Надад нэг зүйл дутуу санагдаад байгаа нь нулимсны мөн чанарыг мэдэрдэг тэр гоц авьяасаа гэмт хэргийн ээдрээ гогцоог тайлах ч ч юм уу, эсвэл хүний хувь заяаны дэнсийг шийдэх ч юм уу нэг тийм эгзэгтэй юманд ашиглах болов уу гэж бодоод байсан ч "зүүд"-ийг эс тооцвол тийм сцени гарч ирсэнгүй. Нулимсны бүтцийг мэдэрдэг гоц авьяас нь эцэгт нь гай болсон учраас өөрийнхөө чадварыг бусдад мэдэгдсэнгүй. Нөгөө талаар нулимсы нь амталсан цаад хүнийхээ сэтгэлийн төлөв байдалд шилжиж, транст ордог тул хүний зовлонг өөр дээрээ мэдэрнэ гэдэг тэвчих аргагүй хэцүү зүйл учраас гоц авьяасаа хөгжүүлэх, ашиглах арга ч үнэндээ байсангүй.

 "Дотор хүний санааг дотроос нь төнхөж мэднэ" гэдгийг яруу тод харуулна. Хятад соёл иргэншлийн бэлгэдэл, гол цөм нь болсон гүн сэтгэгчид болох Күнз, Сүнз хоёрын философи санааг тун мундаг илэрхийлж чадлаа. Күнзийн суртал хүний зөв амьдрахуйн зам мөр бол, Сүнзийн стратеги улс орны хар хайрцагны бодлого, Хятад гүрний далд бодлогын залуур аж. Шавар шавхайтай гудамжинд шаван байрлах намхан тагзнуудын цаана ямар амьдрал өрнөж, шаахай өмссөн пааргар данжаадууд юу сэдэж явсныг ил тод, илэн далангүй өгүүлж байна. Хятад хорооллын гэмгүй даржин өнгөлөн далдлалтын цаана юу нуугдаж байсан бэ? Хятад хүнийг үзэн ядаж, хараан зүхэхийн оронд амьдралын үзэл, яс маханд нь нэвчсэн бодол санааг нь тэмтрэх хэрэгтэй учраас энэ номыг унших нь зүй.

 Ми овогт өргөмөл охинтойгоо янаг амраг болсон нь шар үс босом зэвүүн явдал байсан ч сүүлдээ хөөрхий данжаадыг өрөвдөх сэтгэл төрлөө, хачин юм шүү! Уран зохиолын итгүүлэн, үнэмшүүлэх чадвар гэж энэ. Ми овогт нулимсны бүтэц, үхлийн данс хоёрыг нарийн хөтөлж хүний дотоод мөн чанар хийгээд, үхлийн нууцад нэвтэрч чадсан гоц авьяастай хүмүүн гэдгийг жирийн олон яахин гадарлах. Тэр чинь ердөө л нэг муу авсчин хужаа гэж боддог учраас хүний нүдэнд торж, толгойд нь буухгүй байгаа юм.

 Бүхэл бүтэн романыг уран яруу үг хэллэгээр, холливуд детектив киноны хурц үйл явдал шиг сонирхолтой өрнүүлэн бичнэ гэдэг гайхалтай. Би хувьдаа Ми овогтын намтар, эргэн тойронд нь өрнөж буй үйл явдалууд бодит түүх учраас давын өмнө баримтат-уран сайхны зохиол гэж үзэж байгаа юм. Романыг өгүүллэг шиг ур чадвартай бичиж чадсанд биширлээ. Шидэт реализм гэж дүгнэж байгаа хүмүүстэй санал нийлэхгүй байна. Үйл явдал нь дэндүү бодитой, үнэмшилтэй байгаа учраас тэр юм. Энэ чинь зохиол шүү дээ, за яахав дээ гэж сэтгэлээ хуурах юм үнэндээ ховор. Ид шид, адал явдал, хайр сэтгэл, аймшиг, ёр бэлгэ, сэтгэлзүйн триллер хосолсон хар дарж зүүдэлмээр зохиол. Өтөл насныхаа ойг тэмдэглэж эхэлсэн найр, үхлийн оронд одох тэр мөчөөр өндөрлөж байгаа нь зохиолын эхлэл, төгсгөлийн давхцал юм.

 Энэ романы тухай маш олон хүмүүсийн сэтгэгдэл, тэмдэглэл байгаа учир дахин нэг тухтай уншаад тулхтай юм бичье гэж бодсон учир өөрт төрсөн сэтгэгдлээ эхлэн үлдээж буй минь энэ юмаа. Баримт судалгаа нь мундаг, сэтгэлгээ нь өвөрмөц , урлах арга барил нь чимхлүүр зохиол юм даа. Зарим зохиолын эхлэл, төгсгөл хоёрыг уншихад болдог бол энэ романы хувьд хуудас эргэх тоолон улам шунамхайран татагдсаар номоо хаахдаа хүндхэн санаа алдаад боссон минь зохиолын төлөв байдалд шилжин орсных бизээ.