Хөх толбот Д.Төмөр-Очир
10 сарын 29, 2018
Арандалын гэр бүлийн адал явдлаар олон ангит сериал хийвэл мөн ч гоё юм болно доо. Угаасаа энэ зохиол зөрчил драм ихтэй киноны үйл явдалд яг тохирно гэж боддог.
Үнэхээр мундаг байжээ гэдгийг гадны олон зохиол уншиж үзсэний дараа л мэдэв.
Хуучны шидээврүүд аргагүй л өөр байжээ... Ац Минжийн уугуул буриад, удам дамжсан хасаг дайчин Васил өвгөний ганц хүү Арандал залуу,хөгшин хоер эхнэрийн дөрвөн хүүхэд, зээ нартайгаа буурал эцгийн буянаар дутагдах гачигдах зүйлгүй товхийтэл сайхан амьдарч байтал улаан хувьсгалын хөл үймээн гарч төрж өссөн нутгаа орхин Монгол руу дүрвэн зугтаж Хан Хэнтийн нурууны хөвч тайгад амь зуух болсоноор адал сонин явдлууд ар араасаа хөвөрнө. Нэгэн удаа тосгоны орос тариачидын эсрэг бослогод санамсаргүй татагдан орсон Арандал өдөр ирэх бүр хүчээ аван буй улаантнуудаас зугтахаас өөр аргагүй болсон тул хүн амьтны хөл хүрэхгүй хөвч тайгыг амар тайван амьдарч болох газар хэмээн итгэл дүүрэн байсан боловч самуун үймээнтэй цаг байсан тул цэрэг цуур, дээрэмчин тонуулчин, шилийн сайн эрс гээд ийш тийш холхих элдэв янзын хүмүүс амар амгалан байлгасангүй ээ.
Мал ахуйг нь хоол хүнсэндээ хэрэглэхээс өгсүүлээд, нас биед хүрсэн хоер хүүгий нь ч цэрэгт дайчлан авч одов. Бароны цэргийн захирагч Туванов анх ирэхдээ сүрдүүлэн байж авч одсон Балжуу эхнэрээс нь гарсан Баваасан хүү нь залхаж ядарсан даа цагааны цэргээс оргон явах зам зуур санамсаргүй тохиолдолоор улаан цэрэгт олзлогдон тэр чигтээ хувьсгалын үйл хэрэгт үнэнчээр зүтгэн цэргийн яамны түшмэл болтлоо өөдлөн дэвждэг. Улигт Туванов дахин ирэхдээ хоол хүнсийг нь хоослоод зогсохгүй Арандалын өрөөсөн даль жигүүр нь болсон Дугар хүүг нь мөн л хүчээр дайчлан авч оддог.
Залуу эхнэр Тамжидаас гарсан Дугар хүү нь цагаан цэрэгт үнэнчээр зүтгэн, эргэлт буцалтгүй үзэл бодолдоо үнэнч үлдэж үйлс нь буруудсан ч тэмцлээ үргэлжүүлсээр яваад эцсийн мөчид өөрийнхөө амийг хөнөөдөг. Мөн л энэ хувьсгал үймээний үеэр Чисаана нутгаас Тарваан гэгч чинээлэг хүн үрчилж авсан том хүү Буянцай болон нялх охины хамтаар Монгол руу дүрвэн зугтаж Хараа голын сав газар сууршин, овсгоо самбаа гаргасаны хүчинд амьдрал ахуй нь дэвжин дээшилж дутах гацах юмгүй сайхан амьдарч байтал гамингийн хөлд үрэгдэн голомт нь сүйрдэг.Орох орон эцэг эхээсээ хагацсан ч азаар амьд үлдсэн Буянцай бяцхан дүүгээ айлын үүдэнд орхин өөрөө тэнэмэл амьдралаар хэрэн хэсч явахдаа Баваасангийн захиаг дамжуулахаар Арандалынд очсоноор тэдний хүргэн хувь болох хувь тохиолтой байжээ. Гарамцоо охиноо амин шүтээн гэж бодох Арандал эхэндээ дургүй байсан боловч амьдрахын төлөө тэмцэх өрнүүн сэтгэлтэй, угсаа гарвал нэгтэй залуу хүү явцын дунд Арандалын сэтгэлд нийцжээ. Амь зуухын төлөө, гэр бүлээ тэжээхийн тулд ямар их зовж зүдэрч, хүнд хэцүүг даван туулсан ч амьдралд бууж өгөөгүй хугараагүй ноен нуруу Арандалын тухай хэсгүүд бол үнэхээрийн сонирхолтой. Хоёр дайны дайчин,үхэхээс бусдыг үзсэн хашир цэрэг Арандалын хоёр хүү нь хувь заяаны эрхээр улаан, цагаан талд орж хэзээ ч эвлэршгүй дайснууд болон хувирсан нь эцэг хүнд тохиолдох хамгийн хүнд хэцүү, өр өвтгөм явдал юм аа.
Зохиолын үг хэллэг, үйл явдлууд ардын аман зохиолыг санагдуулмаар уран цэцэн төдийгүй маш их зөрчил драм агуулсан сайхан зохиол. Гэвч тухайн цаг үеийн үзэл суртлын нөлөөгөөр улаан хувьсгалыг хэт магтан сайшааж, эсрэг тал буюу цагаан цэргүүд, хятад данжаад хийгээд баяд ноед, лам хуврага хүмүүсийг муу муухайгийн жишээ болгон үзүүлсэн төдийгүй суртал ухуулгын шинжтэй хэсгүүд зохиолын төгсгөл рүү маш их байгаа нь сайхан нуруу босгож заамал дүнзээр барьсан байшиндаа завсарт нь янз бүрийн юм чихэж өнгө үзэмжий нь гутаасантай адил гэх сэтгэгдэл төрж байсан юм.
Ер нь зохиолын гол үйл явдал нэгдүгээр дэвтэртээ өрнөж буй тул нэмэлгүйгээр тэр чигт нь төгсгөсөн ч сайхан зохиол хэвээр үлдэх байлаа.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.216.202] ・ 2022.05.18 Хариулах
Сайхан зохиол шүү. Миний ширээний ном. 7-р ангиасаа хойш хэд ч уншив даа. Уйтгартай шинэ зохиол, дургүй хүргэсэн найруулга муутай зохиол уншаад урам хугарахдаа шууд л ширээний номоо уншаад эхэлдэг.