Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 06, 2021
Интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатартай ярилцлаа.
-Та яагаад эмчийн мэргэжил сонгосон түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
-Намайг бага байхад аав минь элэгний хүнд өвчнөөр өвдсөн юм. Олон жилийг хэвтэрт өнгөрүүлсэн дээ. Тухайн үед ээж маань зах зээлийн нийгмийн шуурганаар цагаасаа эрт тэтгэвэрт гарчихсан. Аавыг өдөр шөнөгүй сахина, асарч тойлно. Нийгэм шилжиж буй тэр үед дөрвөн хүүхэдтэй айлд энэ амар даваа байгаагүй. Аав ээжийгээ хараад өрөвдөнө, дүү нарынхаа төлөө би юу хийж чадах вэ, яаж тэдэндээ туслах вэ гэж өөрөөсөө асуудаг байлаа. Сурлагадаа гойд хүүхэд байгаагүй ээ, үнэндээ. Аавыгаа л эмчлэе гэж бодоод эмч болохын тулд ямар хичээл судлах вэ гээд хамаатны эгчээсээ асуутал хими, биологи, орос хэл дээр анхаар гэж хэлсэн. Багш нар маань ч тусалсан. Эргээд харахад “Түмэн бодис”-ын хичээлд дурласнаар миний анагаах ухаанд дурлаж шимтэх эхлэл тавигдаж. Мэргэжлээ сонгонгуутаа аавдаа хүү нь заавал эмч болно оо гэж амлачихсан. Амласнаа биелүүлэхийн тулд өдөр болгон хичээлээ шамдаж үзсээр 9 дүгээр ангидаа 10 дугаар ангийнхаа хичээлийг үзчихсэн.
-Аавыгаа эмчилж амжсан уу?
-Амжаагүй. Аав минь намайг анагаахын хуваарь аваад суралцахыг харсан. Сайн эмч болно гэж надад итгэж байсныг нь мэднэ. Гэхдээ шууд ч их сургуульдаа орж чадаагүй. Тэр олон жил бэлдчихээд конкурсдсэн чинь уначихсан.
-Асрагч болсон түүх эндээс эхтэй байх нь ээ?
-Бараг 5 жил бэлдчихсэн учраас ямар ч хүнд шалгалтыг даваад гарна гэсэн өөртөө итгэлтэй додигор амьтан конкурсын хаалга татсан. Яагаад ч юм тэр жил шалгалтдаа уначихдаг юм байна. Тэгвэл заавал эмнэлэгт ажиллана гээд эмнэлгийн ажил хайсан. Манайх чинь Төв аймгийн айл. Ажил сураглатал хамар хашааны айлын эгч Төв аймгийн эмнэлгийн хүлээн авах тасагт дадлагажигч сувилагчийн ажил гарсан гэж байна шүү. Давхиж очоод л ажилд орчихсон. Эмч болох сонирхолтой хүнд эргэн тойронд өрнөж байгаа бүхэн сонин.
Эмч, сувилагчийнхаа гар хөлд зарагдахдаа их л баяр баясгалантай гүйнэ ээ. Өдөр хүн цөөрөнгүүт бушуухан шиг өөрийн хариуцсан талбайгаа угаачхаад асрагч хийдэггүй юм шиг зогсож байна шүү дээ.
Тухайн үед эрэгтэй хүн асрагчаар ажилд ороод шал угаагаад явахаар гайхах хүн олон байсан. Ингээд дараа жил нь конкурсдаж өнөө хүсэж хүлээж байсан анагаахын ангидаа орсон юм. Нэгдүгээр курсдээ Төв аймгийнхаа эмнэлэгт дуудлагын дадлагажигч эмчээр ажиллаж орой нь ээжийгээ амрааж, аавыгаа сахидаг байлаа.
-Тухайн үеийн оюутнууд наймаа хийдэг байсан гэлцдэг. Та наймаа хийж байв уу?
-Хаврын амралт эхлэхээр оюутны байрны комендант хөнжил гудсыг хураадаг авчихдаг юм. Комендантыг гуйсаар байгаад дотуур байрандаа үлдэж, өнөө муу пүршин орон дээрээ өвлийн хувцсаа тавиад унтчихна. Дэнжийн мянгын зах дээр хүний юм зарж, наана цаана болгон хэдэн төгрөг олдог л байлаа. Наймаа миний хийх ажил биш юм билээ. Энэ болгон л амьдарч сурахын төлөө тэмцэл юм даа.
-Эмчийн ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Эхнэрээ авах гэж ээж аавтай нь уулзахаар яваад Эрдэнэтийн эмнэлэгт ажилд орж байлаа. Том хүүхэд маань гарчихсан үе. Уг нь алслагдсан газар сумын төвд ажиллаж үзэхийг хүсэж явсан юм. Хадмуудтайгаа уулзахаар Эрдэнэт очтол тэд маань амьдрал мэдэхгүй хоёр нялх юм хаа хол явж яах нь вэ, энд л ажиллачхаж болдоггүй юм уу гэлээ. Эрдэнэт гоё хот шүү дээ. Нээрээ яагаад болохгүй гэж бодоод ажил сураглаж байгаад амарсан хүний орон тоонд ажиллаж эхэлсэн. Тэнд түргэн, хүлээн авах, шүүх эмнэлэг, дотрын тасаг гээд орон тоо гарсан бүх л газар нь ажилласан. Эрдэнэтийн эмнэлэг надад их зүйлийг зааж сургасан, ээлтэй газар гэж боддог.
Энд ярьсан зүйлс, дурсамж маань амьдрал хүнд хэцүү байсан тухай биш юм шүү. Эмч болохын тулд өнөөдрийг хүртэлх он жилүүд буюу 7 дугаар ангиас хойших гурван жил, асрагч хийсэн нэг жил, Анагаахын их сургуульд сурсан зургаан жил ажилласан жилүүд нийлээд 31 жил болно. Энэ 31 жилийн хугацаанд эмч болох гэж явжээ, эмч болох хаа байсан юм.
Мэдээж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан, энэ салбарын зовлон жаргалыг таньж, ажиллах аргачлалаа эзэмшиж явна. Өдөр болгон л суралцахыг хичээдэг, нийгэм хөгжиж бүхий л яах ийхийн зуургүй л өөрчлөгдөж явна. Магадгүй эмч эсвэл өөр мэргэжлээр суралцахыг хүсэж яваа бол зорилгынхоо төлөө тууштай байгаарай гэж зөвлөе.
-Хүн өөрийнхөө өмнө том зорилго тавьж чадвал бүхий л саад бэрхшээлийг даваад гардаг юм билээ. Үхэл амьдралыг заагладаг эмчийн ажил амар биш. Шантрах зүйлстэй хэр нүүр тулж байв?
-Их сургуулиа төгсөхдөө бүх хүнийг эмчилнэ, эмчилсэн хүн бүхнээ босгочихно гэсэн дэврүүн хүслээр дүүлж явсан. Хүсэж байсан мэргэжлээ эзэмшчихсэн учраас зорилгодоо хүрсэн юм шиг санагдаад л, гэтэл бүх зүйл дөнгөж эхэлж байж.
Бодит амьдрал дээр хүнд өвчтэй хүмүүстэй ажиллах цаашлаад өвчний улмаас нас барж байгаа өвчтөнөө харах, дотны хүнээ алдаж байгаа ар гэрийг харах амар биш юм билээ. Амьдралын сайн муу, хорвоо ертөнцийн жамтай нүүр тулаад ирэхээр эмч хүн сэтгэл зүйгээ удирдаж сурах ёстойг ойлгож таньсан. Би энэ ажлыг хийж чадах юм болов уу гэмээр өдрүүдтэй таарч явлаа. Сэтгэл зүйн хувьд эмзэг хүн энэ салбарт тэсэж үлдэхэд бэрх. Эмчийн хувьд үнэхээр хичээж зүтгээд ч эмчилж дийлэхгүй тохиолдолд ар гэрт нь хүний ёсоор хандаж, сэтгэл гаргах ёстойг ойлгосон. Дэлхий нийтэд эмнэлгийн боловсон хүчин хомстож байна. Амар ажил биш шүү дээ.
-Эмч хүн тэгэхээр өөрөө сэтгэлийн хаттай байхаас гадна маш сайн сэтгэл зүйч байх ёстой байх нь. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Энэ талыг орхигдуулсан учраас 15 гаруй жилийн өмнө монголд санхүүгийн боломжтой болгон гадаадад эмчлүүлэхээр явдаг байлаа. Эмчдээ итгэх итгэл алдарч байсан шахуу үе шүү дээ. Одоо эмчид итгэх итгэл эргэн сэргэж байгаа гэж боддог. Тэр итгэл мундаг хүчин чадалтай техникээс илүү мэргэжлийн боловсрол, хүнтэй харилцах ур дүй дээр түшиглэдэг. Тийм ч учраас гадагшаа явж байгаа хүмүүсийн зовлонг багасгая, ачааллыг нь хөнгөлөхөөр ажиллаж явна.
Эмч хүн зөвхөн өвчнийг нь биш өвчтэй хүнийг сэтгэлээрээ, үгээрээ, босгож байх ёстой. Үнэхээр эдгэхгүй ч байсан хүнийг сэтгэлээр нь өндийлгөвөл тэр сайхан үгийг буцан буцталаа мартдаггүй л байхгүй юу.
-Өвчинд дийлдсэн хүнд сэтгэлийн хүч хэр нөлөөлдөг вэ?
-Хүний сэтгэлийн хүч агуу гэж боддог. Эрдэнэтэд ажиллаж байхад нэг өвчтөний маань өрөөнд хүн тогтдоггүй. Эхний өдөр анзаарсангүй. Дараагийн өдөр тэр паладанд ортол өнөө настай эгч миний нүд рүү ч эгцэлж харж чаддаггүй. Яасан юм бол гээд асууж сураглалаа. Хамт байсан хүмүүс энэ хүнээс чинь муухай үнэр үнэртээд хажууд нь байж суух арга алга гээд. Эвийг нь олж ярилцтал өвчний улмаас эвгүй үнэр ханхалдаг учраас ичиж, эвгүйрхдэг байсан юм билээ. Тухайн үед би тэр өвчтөнтэй ярилцахдаа “Энэ үнэр танаас огт болоогүй, энэ чинь өвчин шүү дээ” гээд хэлсэн чинь нүд нь гэрэлтээд л явчхаж билээ. Тэр дор нь хөтөлж аваачаад эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, шинжилгээнд оруулсан. Тасгийнханд нь ч зөв тайлбарлаад одоо л энэ хүнд тусалж ойлгохыг хичээгээрэй гэж хэлсэн. Тэр хүний онош нь умайн хүзүүний хорт хавдар гэж гарсан юм. Сүүлд хөгшин нь хот руу явж хавдрын туяа эмчилгээнд орж эдгэлээ, баярлалаа гэж хэлсэн. Үнэрээсээ болоод л шаналж явсан хэрэг.
Анагаах ухаан төгс биш, эмчилж чадахгүй өвчтэй ч нүүр тулна. Хавдар өвчин нь эцсийн шатанд орчихсон ч гэсэн хүний ёсоор ярилцаж итгэл өгөхөөр ямар ч хүн царайндаа инээмсэглэл тодруулдаг юм. Өвчтөнийг хуурна гэсэн үг биш шүү дээ. Тухайн хүний бодож байгааг ойлгоод харилцан ярилцах нь маш чухал. Хэдийгээр эдгэхгүй гэдгээ мэдэж байгаа ч бодол нь жаргалтай буцдаг юм.
-Итгэл гэдэг үгийг эмч хүн юу гэж тайлбарлах бол?
-Эмч гэдэг мэргэжлийн нэршил ардаа итгэл гэдэг үгийг агуулж явдаг гэж боддог. Энэ хүн л намайг эмчилж чадна гэж хандах л эмч хүний хувьд шагнал байдаг. Үүнээс илүү сэтгэл дүүргэдэг, том шагналыг мэдэхгүй.
-Эмч хүний нүдээр аз жаргал бидэнд хэр ойр оршдог зүйл вэ?
-Өвчтөний оронд хэвтэж байхдаа хүн гоё машин эсвэл брэндийн хувцас өмсөж чадсангүй гэж боддоггүй л байхгүй юу. Аз жаргал бол бидний дэргэд байдаг зүйл. Өнөөдөр ажиллаж амьдарч, амьсгалж, алдаж онож, сайн мууг туулж яваа минь аз жаргалын хэсэг юм. Хүн мартамхай амьтан. Дотны хүнээ алдаж харамсахаараа одоо л эрүүл мэнддээ анхаарна гээд л мартчихдаг. Марталгүйгээр эрүүл мэнддээ цаг зав гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай. Аль болох өвдөхгүй байх дээр цаг заваа зарцуулаасай гэж хүсдэг.
-Эмч хүн цагаан халаадаа өмсөхтэй зэрэгцэн ямар итгэл үнэмшил, зарчим баримтлах ёстой гэж та боддог вэ?
-Судлаад мэдчих юм сан гэсэн шинжлэх ухаанч, танин мэдэх хүсэл зорилго чухал. Бас тухайн ажлаа хийж байхдаа хүнээрээ байх, хүн шиг ёс зүйтэй байх гэдэг нандин зүйлийг дээдлэх ёстой. Хүний оронд өөрийгөө тавьж бодож үзнэ гэдэг бусдыг ойлгох энгийн арга юм.
Аль болох тухайн өвчтөндөө асуудлыг анагаахын болон сэтгэл зүйн талаас нь ээлтэй шийдэх нь чухал. Эмч болвол гоё, гадаад дотоод явна, цагаан халаад өмсөнө гэж боддог байх. Гэхдээ тэр гоё нь юундаа байгааг ойлгох чухал.
-Биднийг ярьж байхад байнга л утас дуугарч байна. Эмч нар, өвчтнүүдийн дуудлага тасардаггүй бололтой.Та утсаа унтраадаг уу?
-Сүүлийн 13 жил гар утсаа бараг унтрааж үзсэнгүй дээ. Цэнэг л дуусчихгүй бол. (инээв) Амраад явсан ч ялгаагүй, асаалттай л байна. Утас дуугарахаар ямар ч эмч хүн тэр өвчтөн яасан бол гэж боддог.
-Эмч хүний ар гэр хэр орхигддог вэ?
-Загасчны морь усгүй гэдэгтэй ижил. Ах дүү, хамаатан саднууд нь өвдөхөөр тэр бүр анхаарал хандуулж чаддаггүй. Ажлыг нь ойр дотны хүмүүс нь мэддэг учраас тэр болгон ханддаггүй. Эмч нар бусдын эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьчихдаг.
Өнөөдөр гэхэд найз маань утсаар ярилаа. Урьд шөнө жижүүрт хоноод одоо харьж явна гэнээ. Урьд өдрийнх нь өглөө 8 цагт ажилдаа ирээд маргааш орой нь шахуу харьж яваа юм. Бараг 30 цаг шахуу нойргүй явчихсан хэрнээ ядардаггүй юм уу гэсэн чинь замын түгжээнд явж байна, насаараа ингээд ажиллаад сурчихсан юм чинь гээд л хүд хүд инээгээд л. Ийм хүмүүс бол эмч. Тэдний нуруу дээр улсын ч бай, хувийн ч бай эмнэлэгт ажиллаж байдаг юм.
-Хуучны ахмад эмч нараас сурсан хамгийн чухал зүйл юу байв?
-Өнөөдрийг хүртэл тасралтгүй суралцаж, хөгжиж байгааг нь би олж хардаг. Шөнийн хэдэн цаг болж байсан ч хамаагүй хүнд хэцүү зүйлд тусалж, дэмнэнэ. Ер нь аль ч үеийн эмч нар нэг ч гэсэн хүнийг хөл дээр нь босгохын төлөө ажилладаг, гэхдээ түүндээ ялархаж шантраад байдаг улс биш.
Сайхан хамт олон, сайн багийн хүчинд л өдий зэрэгтэй яваа гэж боддог. Эргээд бодоход надтай ямар ч хамааралгүй, хөндлөнгийн хүмүүс миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Хүн хүнийхээ л дэмэнд юм даа. Ажилд авсан, мэргэжил эзэмшүүлсэн, сургалтад явуулж, зааж тусалж дэмжсэн гээд олон сайн сайхан хүний дэмжлэгийг авч байсандаа баярладаг, тэдэндээ талархаад баршгүй.
-Таныг Ерөнхий сайдын эмчлэгч эмчээр ажиллаж байсан гэдэг...?
-Эрдэнэтээс Улаанбаатар хотод ирээд сайд нарын хоёрдугаар эмнэлэгт сэхээний эмчээр ажилд орсон. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эмчлэгч эмч сонгох гэж байна гээд манай эмнэлгийн удирдлагууд миний танилцуулгыг явуулсан гэсэн юм. Гэтэл сарын дараа Ерөнхий сайдын эмчлэгч эмчээр ажиллах тушаал гарчихсан. Тухайн үед манай эмнэлгийн дарга сургуульд нь хүргэж өгөх гэж байгаа хүүхэд шиг л гараас хөтлөөд төрийн ордонд оруулдаг юм байна. (инээв)
-Сандарсан уу?
-Өө тэвдэлгүй яахав. Төрийн ордонд орох байтугай ойрхон ч цөөхөн явсан хүн шүү дээ. Тухайн үед залуу гэж гололгүй итгэж байсан нь маш сайхан санагддаг. Төрийнхөө буянаар Монгол Улсын Ерөнхий сайдын эмчлэгч эмчээр ажиллаж гадаад дотоод хаана ч явсан эрүүл мэндийн асуудлыг хариуцаж явсандаа бахархдаг.
-Эмч хүний хувьд бусдад юу хэлмээр санагддаг вэ?
-Нэг найз маань Японд 10 гаруй ажил ажиллаж амьдарч байгаад ирсэн юм. Надтай уулзаад Монголд ирээд том гэдэстэй, ууртай хүмүүс л их болсныг анзаарлаа гэсэн юм. Өөрийгөө ч бас тэр хүний ярианаас анзаарав. Хөндлөнгийн нүдээр бидний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд тийм л харагдаж.
Өнөөдөр монгол эмэгтэй хүний дундаж наслалт 70 байна. Эрчүүдийн наслалт гурван насаар бага гардаг. Уг нь бид үүнээс ч илүү урт наслах боломж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн эмнэлэг эсвэл хэн нэгэн улс төрчөөс хамаараагүй. Зөвхөн иргэн надаас, Монгол хүн танаас хамаарна. Бид сэтгэлгээгээ өөрчилж өөрсдөдөө хариуцлагатай хандах цаг нь болсон.
Урт наслах нь таны хариуцах асуудал юм шүү. Яаж урт наслах вэ гэж үү. Гурав хоногийн дотор ямар ч өвчинг анагаах фэйсбүүк дээрх жор биш харин өдөр тутамдаа зөв хооллох, хөдөлгөөнтэй байх, эрүүл эерэг сэтгэлгээтэй байх зөв дадалтай болох л чухал. Лам багшаас хэд наслах вэ гэж асуухын оронд тамхиа л хаячих. Нас чинь уртсаж л таарна.
Япон улс артерийн даралт ихсэх өвчнийг 70-80 хувиар бууруулсан туршлагатай. Ердөө л хоолныхоо давсыг багасгасны ач шүү дээ. Айл болгон л давсны хэрэглээгээ багасгахад бидний өмнө асуудал болоод зүрх судасны өвчин эрс буураад л байна. Хэт их махны хэрэглээгээ танах нь ч зөв. Дан ногоо идвэл эрүүл мэндэд сайн гэж бас л туйлширч болохгүй. Уламжлалт хүнсээ тааруулж хэрэглэхийг чухалчлаасай гэж хүсдэг.
Гэхдээ өөрчлөгдөж байгааг бас дурдмаар байна. Гүйдэг, иогад явдаг, фитнессээр хичээллэдэг залуусын тоо нэмэгдэж байгаа нь олзуурхууштай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.