Тайваний эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг хийж байна

ГАНБАТЫН БАТЗАЯА
09 сарын 26, 2023

Тайваний Юань Рун эмнэлгийн холбоо нь Тайваний Юань Рун эмнэлэг, Три-сервис нэгдсэн эмнэлэг, Taichung Veterans General Hospital, Zonta International-ийн хамтарсан холбоо юм. Тэд энэ сарын 24-30-ны хооронд Монгол Улсад ирж, 11 эмнэлэгт ажиллаж байна.

Тодруулбал, ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, ТТАХНЭ, АӨСҮТ, СХДНЭ, ЧДНЭ, ХУДНЭ, Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Дөрөвдүгээр эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг, Мэлтэс Мед гэмтэл согог, нөхөн сэргээх мэс заслын эмнэлэгт ажиллана. Энэ дундаас зургаан эмнэлэгтэй нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үнэ төлбөргүй үзлэг хийж, дадлага олгох зорилгоор мэс ажилбар хийж, мөн тус эмнэлэгүүдээр зочилох юм. Тайваний Юань Рун эмнэлгийн холбоо өмнө нь Монголын эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү: Юань Рун эмнэлэг олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг удаан хугацааны турш чухалчилж ирсэн бөгөөд Монгол Улсын 20 гаруй эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Тус эмнэлэгийн холбоо нь Монголын орон нутгийн өвчтөнүүдэд тусалж, эмнэлгүүдийг эмнэлзүйн удирдамжаар ханган, цар тахлын үеэр сувилагч томилон явуулж байлаа. Энэ нь Тайвань, Монгол хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нэг том жишээ юм. Бид Монголчуудын эрүүл мэндийн төлөө Юань Рун эмнэлэгтэй цаашдаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой "Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” гэсэн үзэл санааг хэрэгжүүлсээр байх болно. Мөн Тайвань-Монголын төрийн бус байгууллага болон Анагаах ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж буй "Zonta International"-д талархаж байна.

Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү, Тайваний Юань Рун эмнэлгийн дэд захирал Ту Чуанжоу-ийн багийнхантай хамт.

Юань Рун эмнэлгийн дэд захирал Ту Чуанжоу:

Тус эмнэлэг нь Монголын анагаах ухааны салбартай урт хугацааны туршид нягт холбоотой байж ирсэн. Монголын эмнэлгүүдийн Тайвань дахь сайн түнш нь байсаар ирсэн билээ. Энэ удаагийн айлчлал нь цар тахлаас хойш Монгол Улсад хийсэн анхны айлчлал бөгөөд Монгол Улсын зургаан эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг шинэчилсэн. Цаашид хоёр талын эмнэлгүүд олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын эмч нарын багийн чадавхийг дээшлүүлэх болно.

Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү, Zonta Club of Taichung, Zonta Club of Ulaanbaatar-ийн ерөнхийлөгч Сүн Хуйлинтэй хамт.

"Zonta International" нь охид эмэгтэйчүүдийн хүйсийн тэгш эрх болон тэдний эрхийн төлөө үйлсээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрийн бус байгууллага юм. Иймээс "Zonta Club of Taichung" болон "Zonta Club of Ulaanbaatar" энэ удаад Монголчуудын эрүүл мэндийн төлөө Юань Рун эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.