Иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсох эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлэгийн барилгыг хүлээж авах ёслол болж нээлтэд нь тус сургуулийн удирдлагууд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцсон юм.

Японы хөрөнгө оруулалтаар тус эмнэлгийн барилга төдийгүй орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангаж өгч байгаа юм. Нийтдээ 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй.

Уг барилга 3 дугаар сарын 21-ний өдөр техникийн комиссоор орж, 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ОБЕГ, МХЕГ, УСУГ, УБЦТС, Харилцаа холбоо мэдээллийн төв, зураг төслийн  Пи Пи Си ХХК зэрэг 10 байгууллагын барилгын улсын комиссын 40 гишүүний 100 хувь саналаар эмнэлэгийн барилгыг хүлээн авчээ. 

АШУҮИС-ийн эмнэлэг нь 104 ортой, дэвшилтэт, өндөр түвшний эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг юм. Мөн Монголд эмчлэгдэхгүй байгаа 26 өвчнийг эмчлэх боломжтой ажээ. Түүнчлэн MRI, CT зэрэг шинэ дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй өвчтөн төвтэй япон маягийн эмнэлэгийн менежментийг хийхээр төлөвлөжээ. 

Дэлхийн улс орнуудад Анагаахын их, дээд сургуулиуд өөрийн харьяа эмнэлэгтэй байх нь зайлшгүй үзэгдэл юм. Мөн тусламж үйлчилгээний хүрээ болон чанараар тэргүүлдэг хамгийн дээд шатлалын эмнэлэгт хамаарагддаг юм билээ. 

Манай улсад одоогоор төлөвшөөгүй энэ тогтолцоог шинээр бий болгож, монгол хүний эрүүл мэндийг сайжруулах гээд олон давуу талтай.

Шинэ эмнэлгийн хүчин чадлыг урьдчилсан байдлаар тооцоход жилдээ 180-200 мянга орчим амбулаторийн үзлэг, 4300-4800 хүн хэвтэн эмчлүүлэх, мэс ажилбарыг 2000-2500 орчим хүнд хийнэ. Өдөрт 800 хүнээс дээш хүнд амбулаторийн үзлэг хийнэ гэсэн төлөвтэй байна.