Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн бүтээн байгуулалтын үйл явцтай өнөөдөр холбогдох албаныхан танилцлаа. Тус барилгын бүтэцийн үндсэн ажил дууссаны ёслолын ажиллагаа өнөөдөр болж буй юм. 

Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Монгол Улсад анхных болох Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг 2018 оны 7 дугаар сард ашиглалтад орох юм.

Тус эмнэлэгт АШУҮИС-ийн эрдэмтэн, багш нараас бүрдсэн 300 гаруй мэргэжилтэн ажиллан мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн чиглэлээр нийслэлийн Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хотын иргэдэд төдийгүй Монгол Улсын нийт хүн амд үйлчлэх зорилготой аж.

Урьдчилсан байдлаар тус эмнэлэгт жилдээ 180 мянга гаруй амбулаторийн үзлэг хийж, 4300 хүнийг хэвтүүлэн эмчилж, 2060 удаагийн мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах болон СТ, MRI, Angiography-ийн нийт 9000 гаруй оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай болох юм.