Австрали улс экстази /албан ёсны нэршил нь MDMA/ болон псилоцибин гэх сэтгэцэд нөлөөлөх эмийг сэтгэл зүйн эмчилгээнд хэрэглэхийг хуульчилсан анхны улс болов. 

Эдгээр эмийг туршлагатай эмч нарын хяналт дор зөвшөөрөгдсөн тунгаар хэрэглэх нь өвчтөнд аюул учруулахгүй гэж үзэж байгаагаа Австралийн албаны мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Ялангуяа гэмтлийн дараах стрессийн эмгэг болоод архаг сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэх гэнэ. 

Гэвч олон орны судлаачид энэхүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.   

Дэлхийн олон оронд экстазитай төстэй үйлчлэлтэй сэтгэцэд нөлөөлөх эмийг сэтгэл гутрал, донтолт, хавдраас үүдэлтэй түгших эмгэг, хоолны дуршилгүй болох эмгэг зэрэг олон төрлийн сэтгэл зүйн эмгэг өөрчлөлтөд ашиглах туршилт судалгааг явуулж байна. Гэвч эдгээр эмүүд хүний сэтгэл зүйн асуудлыг хэрхэн эдгээж байгааг нейробиологийн түвшинд тайлбарлаж чадахгүй байгаа гэж Английн Эксетерийн Их Сургуулийн профессор Селиа Морган онцолжээ. 

Цаашилбал, псилоцибинийг сэтгэл гутралтай 233 өвчтөнд туршсан судалгааны үр дүн өнгөрсөн онд "The New England Journal of Medicine" сэтгүүлд хэвлэгджээ. 

Судалгаанаас үзэхэд, өвчтөнүүд химийн аргаар гаргаж авсан псилоцибинийг өдөрт 25 мг уухад гурван долоо хоногийн дотор мэдэгдэхүйц үр дүн гарчээ. Гэхдээ гурван сарын дараа эмчилгээний үр дүн буурч, өвчтөнүүд дахин сэтгэл зүйн асуудалтай тулгарч эхэлсэн аж.

Тиймээс эрдэмтэд сэтгэцэд нөлөөлөх эмийг эмнэл зүйн практикт хэрэглэхийг зөвшөөрөх нь яарсан шийдвэр байж болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм. 


Эх сурвалж: BBC, CNN