Монголд 70% авлаа гэвэл муухан сурч байна гэх байх. Австралид үнэлэмж нь арай өөр...

Peak.mn
01 сарын 12, 2023

Миний хувьд Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг буюу Австралийн татвар төлөгчдийн мөнгөөр дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Мельбурны их сургуульд суралцах аз тохиосон нэгэн билээ. Энд ирэхээс өмнө ер нь Австралийн их, дээд сургуульд суралцахад сургалтын орчин, арга барил гээд чухам юу хүлээж байгаа бол, ер нь амжилттай суралцаж чадах болов уу гээд олон зүйлийг төсөөлөн боддог байлаа. Бодож төсөөлөх, бодит амьдралд хөл тавих өөр хэрэг. Энэ тухайгаа надтай адил суурь болон мэргэжлийн боловсролоо Монголдоо эзэмшсэн, магадгүй гадаадад магистр, докторт суралцах хүсэлтэй залуустаа хуваалцах гэсэн юм.

Нэг. Мельбурны их Сургууль ба миний сурч буй хөтөлбөрийн тухай товчхон

Мельбурны их сургууль (The University of Melbourne) нь 1853 онд байгуулагдсан Авсралийн хоёр дахь том хот болох Мельбурнд байрладаг. Төрийн өмчит, судалгааны их сургууль (a public research university) юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын дунд 28-36 дугаар байранд тогтмол эрэмбэлэгдэж шалгарч иржээ (The Times Higher Education). 

Нийт 160 гаруй орны 54000 орчим оюутантай бөгөөд судалгаанаас жил бүр 500 гаруй сая ам долларын орлого олдог.  

Миний хувьд тус сургуульд Олон Улсын Бизнесийн Магистр (Master of International Business) гэсэн мэргэжлээр суралцаж байна. Энэхүү хөтөлбөр нь суралцагчдад олон улсын бизнесийн орчинд ажиллахад шаардагдах үр нөлөө бүхий менежментийн ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг. Тиймээс бизнесийг хэрхэн олон улсад тэлэх, хөгжүүлэх стратегиас эхлээд үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах компанийн засаглал, маркетинг, үйл ажиллагаа ба процесс, санхүү, хүний нөөцийн менежментийн орчин үеийн арга барилууд, цаашлаад олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын системийн тухай цэгцтэй ойлголтуудыг өгөхөд энэхүү хөтөлбөр зорьдог. 

Миний хувьд Монголд менежментийн зөвлөхөөр ажиллаж байсан тул өөрийн ажил хэрэг, сонирхолд үндэслэн Монголын бизнесүүдийг хэрхэн олон улсад гаргах, экспорт хийх талаар чиглүүлэх, зөвлөх мэдлэг, ур чадварыг олж авахаар тус хөтөлбөрийг сонгосон билээ. 


Хоёр. Хичээлийн жил, суралцах төлөвлөгөө: Уян хатан байдал ба сонгох эрх чөлөө

Ерөнхийдөө Австралийн их дээд сургуулиудын хувьд нэг семестрийн хичээл дунджаар 4 сар үргэлжилдэг. Эхний 3 сард суралцагчид нийт хичээлээ үзэж, бие даалтуудаа өгч дуусах ёстой бол сүүлийн 1 сар нь ихэвчлэн шалгалтын сар байдаг. 

Жил бүрийн 1 ба 2 сарын сүүлээр эхэлж, 6 дугаар сарын дундуур дуусна. Харин 2 дугаар семестр 7 сарын сүүлээр эхэлж 11 сарын дундуур дуусна. 1 ба 2-р семестрийн хичээл хооронд 1 сар амрах боломжтой. Мөн 11 дүгээр сарын сүүлээр дараа оны 2 сарын сүүл буюу дараа жилийн 1-р семестр хүртэлх хугацаа нь зуны амралтын үе байна. Энэ нь манайхаар бол 6-9 сарын зуны амралт гэсэн үг. Гэхдээ суралцагчид энэ үеэр зарим хичээлээ intensive буюу шуурхай, өндөр ачаалалтай хэлбэрээр суралцах, дадлага хийх зэрэг боломжтой. 

Миний суралцаж буй хөтөлбөр нь хоёр жилийн хугацаатай бөгөөд энэ хугацаанд нийт 200 кредит оноо (credit points) хичээл судалж, төгсөнө. Энэ нь дөрвөн семестр болох ба нэг семестрт нийт 50 крт буюу дунджаар дөрвөн хичээл (1 хичээл 6.25-12.5 крт байдаг) сонгож суралцах ёстой байдаг.

Суралцагчид семестрийн хичээл эхлэхээс өмнө тухайн семестрт үзэх хичээлээ сонгож, баталгаажуулах буюу суралцах төлөвлөгөө (study plan) зохиодог.

Аливаа хөтөлбөр бүрт заавал үзэх хичээлүүд болон сонгох хичээлүүд байдаг. Заавал үзэх хичээлүүдээ 2 жилийн турш ямар дарааллаар үзэхээ суралцагч өөрөө сонгож болно. Мөн сонгох хичээлүүдийн хувьд хөтөлбөр хариуцсан профессор зөвшөөрвөл тэс өөр чиглэлийн хичээл ч сонгох боломж бий.

Гол нь тухайн хичээл яагаад суралцагчид хэрэгтэйг нотлох ёстой. 

Мөн сургалтын төлөвлөгөөндөө үндэслэн 7 хоногийн хичээлийн цагийн хувиараа гаргах ёстой. Энэ нь суралцагчдад өөрийн ажил, амьдралын хэмнэлд нийцүүлэн суралцах цагаа төлөвлөх эрх чөлөөг олгож буй үр дүнтэй.

Суралцагчид өдөр бүр хичээлтэй байхаар сонгож болно, эсвэл зөвхөн 7 хоногийн 2-3 өдөрт багтааж суралцах байдлаар цагийн хуваариа зохиох боломж бас бий. Миний туршлагаар бол гол семинарууддаа 2-3 өдөрт багтааж оролцоод бусад өдрүүдийг бие даалтаа хийх, магадгүй цагийн ажил болон бусад зүйлст төлөвлөвөл зохимжтой санагдсан. 

Онцлог: Сургууль боловсрол бол нэг төрлийн үйлчилгээ тул хэрэглэгчийн хувьд суралцагч өөрийн ажил, амьдралын хэмнэлд тохируулан сургалтын төлөвлөгөө, цагийн хуваариа гаргах боломжтой байдаг. 


Гурав. Сургалтын арга барил: Цээжлэх бус ойлгоход төвлөр!

Манай сургуулийн хувьд ихэнх хичээл 2 багштай явагддаг. Лекц буюу онолын хичээл заах багш, семинар (Workshop) буюу дадлага хичээлийн багш. Зарим тохиолдолд аль алийг нь нэг багш заах нь бий. 

Ерөнхийдөө хичээлийн лекцүүд онлайнаар урьдчилан бичигдэж, бэлтгэгдсэн байдаг. Иймээс суралцагчид өөрийн хүссэн үед лекцээ онлайнаар, сургууль дээр заавал очихгүйгээр зайнаас үзэх бүрэн боломжтой байдаг.

Лекцээр тухайн сэдвийн дагуу онолын мэдлэгийг бодит кэйс, жишээгээр баяжуулан тун сонирхолтой, бас үр өгөөжтэй заадаг.

Миний ажигласнаар онолын хичээлийн багш нар илүү туршлагатай, нэр хүндтэй эрдэмтэд байдаг бол семинар хичээлийн багш нар онолыг практик хэрэглэсэн туршлагатай. Жишээ нь манай "Үнэ цэн бүтээх менежмент" (The Managing Value Creation) хичээлийг дурдая. Семинарын багш ковидын үеэр бидний сайн мэдэх Астра Зеника компанийн эмнэлэгийн бизнес хариуцсан захирлаар ажилласан, бизнесийн салбарт арвин туршлагатай нэгэн байсан. 


Харин суралцагч семинарын (workshop) хичээлд биечлэн оролцохыг зөвлөдөг (онлайнаар оролцох нь зарим хичээлийн хувьд боломжтой). Суралцагч семинарын хичээлд оролцохоос өмнө тухайн семинарын сэдвийн дагуух лекцийг бүрэ үзэж, лекцээр өгөгдсөн унших материал, мөн кейсийг судалсан байх ёстой. 

Семинарын эхэнд багш лекцийн агуулгыг товчхон дурьдаад унших материал, өгөгдсөн кэйс болон семинарын нэмэлт материалуудыг ашиглан хэлэлцүүлэг, бүлгээр ажиллах, дүрд тоглох, семуляци зэрэг олон аргаар дадлага хичээлийг удирдан явуулдаг. 

Энэ үеэр багшаас суралцагчид ойлгоогүй зүйлээ асуух, эсвэл санал нийлэхгүй байгаа зүйлээ хэлэлцүүлэх зэрэг бүх боломж нээлттэй. Зарим хичээлүүд дээр суралцагчдын семинарын оролцоог тэмдэглэж, оноо өгөх нь бий. Хичээл бүр дээр багш нар “ЦЭЭЖЛЭХ биш ОЙЛГОХ-д төвлөр!!!” гэсэн сануулга өгдөг. 


Онцлог: Австралид суралцагч хичээлд ирхээсээ өмнө тухайн сэдвээрх багшийн лекцийг онлайнаар сонсч тэмдэглэл хөтөлсөн, мөн шаардлагатай материалуудыг уншиж судалсан, кэйсийг ажилласан байх ёстой. Харин хичээл дээр сэдвийн дагуух идэвхитэй хэлэлцүүлэг явагддаг гэхэд болно.


Дөрөв. Шалгалт, бие даалт, үнэлгээ: Өөрөө сэтгэ ба бусдын санааг бүү хулгайл! 

Манай хөтөлбөрийн хувьд хичээлүүд дээр суралцагчдын мэдлэг, ур чадварыг шалгахад ганцаарчилсан болон багийн бие даалтын ажлууд (individual and group assignments), явцын шалгалт (mid semester tests), мөн сүүлийн шалгалт (final exams) ашиглагддаг. 

Ихэвчлэн бие даалтууд болон явцын шалгалтууд суралцагчийн нийт онооны 50-60%, харин сүүлийн шалгалт 40-50% байдаг. 

1 хичээл дээр дунджаар 2-3 бие даалтын ажил байх ба энэ нь 2000-6000 үгтэй эссэ (essay), судлагдсан байдлын тойм (literature review), судалгаа (research), кэйс судалгааны (case analysis) тайлан байдаг. Нэг семестрт 4 хичээл дээр дунджаар 8-12 бие даалтын ажил, 4-8 явцын болон сүүлийн шалгалт өгнө гэсэн үг.

Ер нь цагаа маш сайн төлөвлөж, үр дүнтэй өнгөрөөхгүй бол өндөр ачаалалтай санагдсан. Монголд зарим хүмүүс нэг зэрэг 2-3 магистрын хөтөлбөрт суралцдаг гэсэн. Харин Австралид бол энэ үнэндээ боломжгүй зүйл. 

Жишээ нь “Бизнес анализ ба Шийдвэр гаргалт” (Business analysis and Decision Making) гэсэн хичээл дээр дараах 2 даалгавар өгөгдөж байсан ба эдгээрийг миний хувьд 5 хүнтэй багаар гүйцэтгэсэн. 

Даалгавар 1: Бизнесийн шийдвэр гаргалтын 1 асуудал сонгоод түүнийг шийдэхэд математик моделиудыг хэрхэн ашигласан тухай судлагдсан байдлын тойм бичих (literature review). 

Үгийн тоо 2000 байх. Энэ даалгаврын хүрээнд суралцагчид 1 бодит компани болон түүнд тулгамдаж буй шийдвэр гаргалтын 1 асуудлыг сонгож тухайн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр өмнө нь ямар судлаач, ямар судалгааны нийтлэл гаргаж байсныг тоймлон бичих ёстой.

Шаардлагын хувьд 2010 оноос хойш бичигдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн, 10-аас доошгүй академик судалгааны нийтлэл олж, уншиж, дүн шинжилгээ хийж, тайлан бичих ёстой. 

• Даалгавар 2: Сонгосон компанийхаа, сонгосон асуудлыг шийдвэрлэх математик модель боловсруулж, загвараа ашиглан асуудлыг шийдвэрлэж, зөвлөмж бичих. Үгийн тоо 4000 байх. Шаардлагын хувьд моделийг боловсруулахдаа шугаман (Liner Programming Model) болон Бүхэл тоон шугаман программчлалын арга (Integer Liner Programming Model) ашиглах, мэдрэмжийн шинжилгээ (Sensitivity test) хийж бизнесийн шийдвэр гаргалтад хэрхэн ашигласан талаар зөвлөмж боловсруулах.

Бизнес анализ ба Шийдвэр гаргалт - Багийн ажлын хамгаалалт


Багуудын хувьд Tesla үйлдвэрийг дэлхийн аль бүс нутаг, аль оронд байгуулбал хамгийн бага зардлаар, хамгийн өндөр ашигтай ажиллах, ингэхдээ байгаль орчинд хамгийн бага хохиролтой байлгах вэ? гэдгээс эхлээд McDonalds, Costco, Amazon -ий хүний нөөц, ханган нийлүүлэлтийн сүлжээг оновчлох даалгавруудыг гүйцэтгэсэн ба богино хугацаанд энэ хичээлээр ямар их мэдлэг, ур чадварыг олж авсан нь харагдсан.  

Олон орноос ирсэн, төрөл бүрийн мэргэжилтэй, туршлагатай хүмүүс нэг хичээлд суудаг бөгөөд багт ямар гишүүд байхыг багш хэлэхгүй. Тиймээс ямар хүмүүстэй нэг баг болохоо суралцагч өөрөө шийднэ. Нөгөөтэйгүүр багаар бие даалтын ажил гүйцэтгэх нь ганцаарчилсан бие даалт хийхээс илүү хүндрэлтэй байдаг. Үр дүнтэй багийн ажил хийе гэвэл санаачлагыг өөрөө гартаа авч сайн баг бүрдүүлэх, багаа зөв чиглүүлэх, багийн гишүүдийнхээ оролцоог жигд хангах, хугацаандаа ажлаа дуусгаж илгээнэ. Яг л бизнесийн практик байдаг багийн ажлын асуудлуудтай тулгарч, шийдвэрлэх шаардлага гардаг. 

Сүүлийн шалгалтын (final exams) хувьд хичээлээсээ хамаараад 2-3 цагийн хугацаатай онлайнаар шалгалт авдаг. Суралцагч шалгалт өгөхдөө хичээлийн материал, унших материал зэрэг бүх төрлийн эх сурвалжийг ашиглах боломжтой. Харин бусдын оролцоогүйгээр зөвхөн өөрөө хийх ёстой. Харин Монголд их сургуульд бол суралцагч шалгалтанд ямар нэг нэмэлт материал ашиглахыг хориглодог шүү дээ. Хэдийгээр материал ашиглах чөлөөтэй ч шалгалтын асуултууд бол аль нэг материалаас шууд хуулж бичих боломжгүй, үнэхээр тухайн сэдвийг ойлгосон хүмүүс л хариулах боломжтой байдлаар бэлтгэгдсэн байдаг нь гайхалтай. Үнэндээ хариултаа мэдэж байгаа боловч 2-3 цагийн дотор эх хэл дээрээ биш англи хэл дээр шалгалт өгнө гэдэг бол олон улсын оюутнуудын хувьд бол хүндхэн даваа байдаг. Юун IELTS гэж хэлмээр санагддаг.

Дараагийн дурьдахгүй байх аргагүй нэг чухал зүйл бол Plagiarism буюу буюу оюуны бүтээлийн хулгайн асуудал юм. Энэ нь бусдын бүтээл, санааг хэсэгчлэн болон бүтнээр зохиогч, эх сурвалжийг нь дурьдалгүйгээр хуулбарлан ашиглахыг хэлнэ.

Австралийн боловсролын системд суралцагчид бие даалт болон шалгалтын хариултдаа бусдын санаа, бүтээлийг ашигласан бол заавал эх сурвалжийг тухайн сургалтын байгууллагын мөрддөг стандартын дагуу (манай сургууль бол APA7 мөрддөг) дурьдах ёстой. Хэрэв зөрчвөл сургуулиас хөөх хүртэлх арга хэмжээ авна. 

Тиймээс бусдын оюуны өмчийг хэрхэн хамгаалж, хүндэтгэж байгаа нь үүнээс ил харагдана. 

Суралцагчид бие даалтын ажлаа багшруу шууд явуулахгүй бөгөөд Turnitin буюу энэхүү оюуны хулгайг илрүүлэх үүлэн системд суурилсан программаар шалгуулж, явуулдаг.

Монголд энэ асуудлыг өнөө хэр нэгдсэн байдлаар зохицуулж чадаагүй л байна. Тиймээс нөгөө нэг хуурамч магистр, докторуудын асуудалтайгаа зууралдсаар л. 

Мельбурны их сургуулийн хувьд суралцагчдын мэдлэг, ур чадварыг дүгнэхдээ дараах 6 шатлал бүхий үнэлгээний системийг ашигладаг. Үүнд:

Мельбурны их сургууль - Үнэлгээний систем


• H1 – 80-100%, First Class Honours – Excellent (Гайхалтай сайн) 

• H2A – 75-79%, Second Class Honours А – Very good (Маш сайн)

• H2B – 70-74 %, Second Class Honours B – Good (Сайн)

• H3 – 65-69%, Third Class Honours – Competent (Чадавхитай сайн)

• P – 50-64%, Pass – Satisfactory (Хангалттай тэнцсэн) 

• N – 0-49%, Fail – Unsatisfactory (Хангалтгүй, Тэнцээгүй)

Ер нь бол үнэлгээ дээр маш хатуу гэхэд болно. Ерөнхийдөө суралцагч 65% -аас дээш оноо авч байгаа бол H буюу (Honours) САЙН үнэлгээ авч байна гэж ойлгож болно. 

Монголд бол 70% авлаа гэвэл муухан сурагч байна даа гэх байх. Гэхдээ энд бол үнэлэмж арай өөр байна.  

Онцлог: Суралцагчийн мэдлэг, ур чадварыг үнэлэх систем нь суралцагч тухайн сэдвийн дагуу олж авсан мэдлэгээ практикт үнэхээр ашиглаж чадаж байгаа эсэхийг илрүүлэх, ингэхдээ бусдын оюуны өмчийг хүндэтгэж, ёс зүйг баримталсан эсэхийг шалгаж байна. 


Тав. Сургалтын орчин, материаллаг бааз: Суръя гэвэл бүх эх сурвалж, өгөгдөл нь бий   

Сургалтын орчин, материаллаг бааз бол яах аргагүй чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх үндсэн хүчин зүйлсийн нэг. Намайг Монголд их сургуульд сурч байх үед ялангуяа оюутнуудад энэ нь маш хязгаарлагдмал. Одоо хэр сайжирсныг мэдэхгүй байна. Сургалтын орчин гэхээр маш их зүйлийг бичиж болох ч энэ удаа зөвхөн номын сангийн талаар товч бичье. 

Мельбурны их сургуулийн хувьд салбар сургууль бүр өөрийн ном сантай. Тиймээс миний хувьд ихэвчлэн бизнесийн сургуулийнхаа номын санд (Giblin Eunson Library) суудаг. Хэдийгээр номын санд уламжлалт хэвлэмэл сурах бичиг, судалгааны материалууд байх боловч эдгээр нь мөн цахимд бүрэн орсон байдаг тул заавал номын санд суухгүйгээр гэрээсээ ч цахим эх сурвалжуудыг бүрэн ашиглах боломж бий.

Цахим эх сурвалжуудыг академик сэтгүүлүүд (Emerald, ProQuest, ScienceDirect гм), компаний өгөгдлүүд (WARC, Hoovers, IBISWorld гм), салбарын өгөгдлүүд (Statista, Passport, SIC гм), улс орны өгөгдлүүд (EIU Country Data, ABS гм), мэдээллийн сайтууд (Factiva, Westlaw гм) гэх зэргээр маш нарийн, системтэйгээр ангилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гол эх сурвалж, өгөгдлүүдэд хандах боломжийг бүрдүүлсэн нь үнэхээр юм суръя, мэдье гэж хүссэн хүнд бол гайхалтай боломж юм. 

Хэрэв хэвлэмэл ном авах хүсэлтэй бол суралцагч 100 хүртэлх номыг 3 сар хүртэлх хугацаагаар ямар нэг төлбөргүйгээр номын сангаас зээлж ашиглах боломжтой. 

Ном зээлэх, буцаахдаа номын санд байрлах автомат өөртөө үйлчлэх машиныг ашигладаг тул их амар. Түүнчлэн оюутан өөрийн үнэмлэхээ цахимаар цэнэглээд хүссэн материалаа хэвлэх, хувилах боломжтой. Ер нь номын сангийн хувьд технологи, автоматжуулалтын тусламжтайгаар оюутнууд номын санчийн оролцоогүйгээр өөртөө үйлчлэх боломжийг бүрэн бүрдүүлсэн. 

Мөн оюутнууд ганцаар болон багаар сууж ажиллах орон зайг олон төрөл, хэлбэрээр гаргаж өгсөн байдаг. Жишээ нь шаардлагатай бол 7 хоногт 4 удаа, 2 хүртэлх цагаар багийн уулзалтын өрөөнүүдийг урьдчилан захиалж, ашиглаж болно. Уулзалтын өрөөнд дэлгэц, самбар, ширээ, сандал гээд багаар ажиллахад шаардлагатай бүх зүйл байдаг. 

Онцлог: Онлайнаар дэлхий даяар хамгийн шилдэг, хүлээн зөвшөөрөгдсөн гол шинжлэх ухааны сэтгүүл, дата бааз зэрэг эх сурвалжуудад хандах боломжтой. Ингэж оюутнууд ганцаарчлан, багаар ажиллах орон зайг бүрэн бий болгосон. 

Австралийн их сургуулиуд, ялангуяа Мельбурны Их Сургуулиас суралцаж, цаашид авч хэрэгжүүлж болох маш олон сайн туршлага бий. Тэдгээрийг нэг нийтлэлд багтаах боломжгүй тул ингээд нийтлэлээ түр өндөрлөе. Ямартай ч та бүхэнд сургуулийн орчин, арга барилын талаар тодорхой мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Хэт нуршиж бичсэн бол өршөөгөөрэй. Асууж тодруулах зүйл, мөн сэтгэгдэл байвал үлдээгээрэй. Дуртайяа хариулах болно. 

Г.Цогтбаатар /Менежментийн зөвлөх, Гэрчилгээжсэн Олон Улсын Ахлах Аудитор/


Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарж дагана уу.

Холбоотой сэдвүүд

австрали тэтгэлэг

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.