Энэтхэг улсын баруун хэсэгт оршдог Гужарат мужид нэгэн автомашин ачааны тэрэгтэй мөргөлдсөний улмаас 8 хүн амиа алдаад байгаа тухай тус мужийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Дээрх осол нь Морби дүүргийн Танкара хотоос холгүй газарт хурдны зам дээр гарсан байна. “Өнгөрсөн мягмар гарагийн шөнө нэг гэр бүлийн 9 гишүүн сууж явсан автомашин ачааны тэрэгтэй мөргөлдсөний улмаас гал авалцаж, зорчигчдын олонхи нь амь насаа алдсан харамсалтай осол гарлаа. Ослоос амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргээд байна” гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

Энэтхэг улс нь зам тээврийн аваар ослын тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд ийм төрлийн осол нь жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцдог хийгээд муу тавьсан зам болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс үүдэн гардаг юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг