Авто тээврийн салбар анх удаа бие даасан бодлогын баримт бичигтэй боллоо

Б.Баясгалан
12 сарын 13, 2018

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто тээврийн салбарын онцлох ажлуудыг цувралаар танилцуулж байна.

Тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, баталлаа. Ингэснээр авто тээврийн салбар анх удаа бие даасан бодлогын баримт бичигтэй болж байна.

Олон удаагийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн 6 бүлэг, 57 заалттайгаар тусгажээ.

Бодлогын баримт бичгийн НАЙМАН зорилт:

  1. Автотээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийг дэмжих,
  2. Автотээврийн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах,
  3. Хүний нөөцийн болон тээврийн байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх,
  4. Тээврийн сүлжээ төлөвлөлтийг хот, тосгоны ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэх
  5. Аюулгүй, найдвартай, хосолсон, үр ашигтай, ая тухтай, байгаль орчинд ээлтэй тээврийн үйлчилгээг үзүүлэх,
  6. Автотээврийн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээг хувийн хэвшлийн оролцоотой барьж байгуулах,
  7. Дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх,
  8. Судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх

 Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг хэрэгжснээр автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн бусад төрлүүдтэй уялдах, хослох боломж бүхий үндэсний тээврийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, үүгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.