Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх

Peak.mn
06 сарын 20, 2026

Хүн төрөлхнийг нэгэн хэмнэл, нэгэн амьсгаан дор нэгтгэж, спортын гайхамшгийг мэдрүүлдэг Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд ид өрнөж байна. 

Дэлхийн шилдэг 48 багийн энэхүү өрсөлдөөнийг хөлбөмбөгийн хорхойтнууд дөрвөн жил тэсэн ядан хүлээсэн билээ. 

Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудаас хөлбөмбөгт хайртай сая сая үзэгчдийн сэтгэлийг татсан нэгэн үйл явдал болсон нь яалт ч үгүй Испани болон Кабо-Вердегийн тоглолт байлаа. 

Европын аварга Испанийн шигшээ Африкийн жижигхэн арлын улс болох Кабо-Вердег төвөггүйхэн буулгаж авна гэж хүн бүр таамаглаж байв. Гэтэл хүлээлтийг эвдэж Кабо-Вердегийн хаалгач Возинья 7 гоол алдалгүй хамгаалж, тоглолтыг 0:0 харьцаатай өндөрлүүлэв. 

Тоглолтын эцсийн шүгэл дугарахад Возинья элгээ тэврээд уйлж байлаа.  

Энэ нулимс түүний амьдралын 40 жилийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг илтгэнэ.  


Өвөө, эмээгийн хайртай хүү Возинья 


Түүний жинхэнэ нэрийг Жосимар Жозе Эвора Диас гэдэг. Диас 1986 оны зургаадугаар сарын 3-нд Африкийн баруун эрэгт орших Атлантын далайн жижигхэн Кабо-Верде улсын Сан-Висенте арлын Минделу хотод төржээ. 

Аав нь цэргийн хүн тул гэртээ бараг үзэгдэхгүй, ээж нь амьдралаа авч явахын тулд өдөр шөнөгүй ажилладаг байсан учир бяцхан хүү өвөө, эмээ дээрээ өсчээ.  

"Возинья" гэх хоч нь португал хэлээр "Бяцхан эмээ" гэсэн утгатай. Багадаа гудамжинд үеийн хүүхдүүдтэйгээ хөлбөмбөг тоглоод хожигдчихвол шаралхан, өвөө эмээдээ очиж "ховлодог" байсан тул түүнийг ийн хочилжээ. Гудамжинд хөл бөмбөг тоглож өссөн тэр л хүүхэд насны дурсамжууд Возиньяг спортод хайртай нэгэн болгожээ. 


Автобусны жолоочоос ДАШТ-ий ногоон дэвжээ хүртэл 


Возинья анх тосгоны "Батуке" клубээс спортын гараагаа эхэлж байв. Багаасаа л хөлбөмбөгт дурлаж, олон клуб дамжсан ч 25 хүртлээ мэргэжлийн хөлбөмбөгчин болох нь бүү хэл төдийлөн танигдаж чадаагүй гэдэг. 

 'Сайн хаадаг ч намхан нуруутай' гээд гологддог байсан тухайгаа тэрбээр FIFA-д өгсөн ярилцлагадаа дурджээ.  

Ингээд шинэ амьдрал, шинэ боломж эрэлхийлсээр Португалыг зорьсон гэдэг. Тэнд Возинья амьдрахын эрхээр цахилгаанчин, автобусны жолооч хүртэл хийжээ.  

Хөлбөмбөгөө бүр мөсөн орхичихдог юм уу гэж олон ч удаа бодсон гэдэг.  

Гэвч түүний зүрхэнд нэг л өдөр дэлхийн зүлэг ногоон дэвжээнээ гарна гэсэн мөрөөдлийн оч асаастай байлаа. 

Возинья бууж өгөлгүй 2012 онд 26 насандаа Анголын "Прогрессо до Самбизанга" багтай анхны мэргэжлийн гэрээгээ байгуулж, тамирчны карьераа эхлүүлсэн гэнэ. Үүнээс хойш Молдав, Кипр, Словак, Португалын лигүүдэд (өдгөө Португалын "Шавеш" клубт тоглодог) тоглож, тууштай хөдөлмөрлөж, шигшээ багийнхаа үнэнч тоглогч байсаар иржээ. 

Энэ жилийн Хөлбөмбөгийн ДАШТ бол Кабо-Верде улсын түүхэн дэх анхны дэлхийн аварга, Возиньягийн хувьд ч бүх насаараа хүсэн мөрөөдсөн дэлхийн аваргын дэвжээ юм.  

Хатуу самар гэгддэг Испанийн эсрэг 40 настай Возинья хаалгаа гоол алдалгүй хамгаалсан нь түүнийг түүхэн дэх хамгийн ахмад хаалгач болгосон юм. 

Тоглолтын дараа түүний Инстаграм хуудас ердөө хэдхэн цагийн дотор 50 мянган дагагчаас 3.1 сая гаруй болж өсчээ. 

Дэлхий нийт түүний авьяас, тэвчээрийг бишрэн хайрлаж байх үед Возинья харин талбайн голд сөхрөн уйлж байлаа.


Тэрбээр тоглолтын дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би бүхий л амьдралынхаа туршид яг л энэ мөчийн төлөө хөдөлмөрлөсөн. Өнөөдрийн тоглолтыг өвөө эмээ хоёр минь харсан ч болоосой. Даанч тэд минь бурхны оронд байгаа" гэсэн юм.  

Жижигхэн арлын улсаас дэлхийн хөлбөмбөгийн оргилд хүрсэн Возиньягийн түүх бол зөвхөн спортын амжилт биш юм. Энэ бол амьдралын ямар ч хүнд үед мөрөөдөлдөө үнэнч үлдэж, зүтгэж чадвал хэзээ нэгэн цагт дэлхий нийт чиний нэрийг хүндэтгэн дуудах болно гэдгийг харуулсан спортын торгон агшин байлаа.

Холбоотой сэдвүүд

дэлхийн аварга хөлбөмбөг2026

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.