БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Умард Солонгос цөмийн зэвсгээсээ ангижрахаар ажиллаж байгаагийн хариуд тус улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахыг хүссэн байна гэж Блүмберг агентлаг Donga Ilbo сониныг иш татан мэдээлжээ.
 
Тэнгисийн эргийн Вонсан-Калма бүс болон уулын цаны Masikryong амралтын газар хөрөнгө оруулахад онцгой тохиромжтой болохыг Ким Ён Чоль онцлов гэж дээрх сонинд тэмдэглэсэн байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Умард Солонгосын удирдагчийн гол зөвлөх Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа хоёр талын дээд хэмжээний уулзалт товлосон ёсоор зургадугаар сарын 12-нд Сингапурт болно хэмээн мэдэгдсэн билээ. Одоо АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажил өрнөж байгаа юм.



Эх сурвалж МОНЦАМЭ агентлаг