УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдөр хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор гишүүд санал хэлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын дарга аа, сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг ямар хэмжээнд авч үзэж байна вэ. Үүнийг УИХ анхааралдаа авахгүй бол аймшгийн хэмжээнд оччихсон байна. Өнгөрсөн шөнө 3 том хүн, 3 хүүхэд угаартсан мэдээлэл байна. Энэ бол нийслэлийн 48 хороог хамарсан асуудал. 

"Энержи ресурс" компанийн угаасан нүүрсний хаягдлыг барьцалдуулагчтай хольж, шахмал түлш нэртэй юм хийчихээд улсынхаа нийслэл, нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа хотдоо туршаад байдаг... 

Болохгүй байгаа нь тодорхой болчихоод байхад яагаад зогсоодоггүй юм бэ. Үүнд Монголын төр онцгой, шуурхай арга хэмжээ авмаар байх юм. Дэндүү хойрго байна гэж үзэж байна. Хэрэгжүүлж буй албан тушаалтнуудад нь өөрийгөө хамгаалсан л мэдээллүүд хийгээд байна. Сайжруулсан түлшинд ямар нэгэн болохгүй зүйл байна гэдэг нь тодорхой байхад яагаад зогсоодоггүй юм бэ. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна" хэмээлээ.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргааш гишүүдийн асуулт, хариултын цаг байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос шахмал түлшний асуудлаар есдүгээр сарын 26-нд тавьсан асуулгын хариуг маргааш сонсохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд шахмал түлштэй холбоотой асуудлыг маргаашийн үдээс хойшхи чуулганаар хэлэлцэхээр Шадар сайд Ө.Энхтүвшин, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар ярилцаж шийдвэрлэсэн" гэдгийг хэллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанааар "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн тус ажлаа үргэлжлүүлнэ. Угаартах тохиолдлууд илэрч буй учир нийслэлийн 6 дүүргийн өрх бүрт угаар мэдрэгч төхөөрөмжийг 11 дүгээр сарын 1-нээс өмнө нэг удаа үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн" хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн юм.