Иргэд хордсо асуудлаар Нийслэлийн Онцгой комисс өчигдөр сайжруулсан түлш үйлдвэрлаж буй "Таван толгой түлш" ХХК-ийн байранд хуралджээ.

Хуралдааны үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийж ирсэн, одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. 

Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж буй аж.

"Энэ сарын 3-8-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаснаас эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна" хэмээн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүсээд буй нөхцөл байдлын талаар танилцуулахдаа хэллээ.

Мөн угаарын хийнд хордсоны улмаас дээрх өдрүүдэд 6 иргэн нас барсан хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн.

Онцгой комиссын хуралдааны талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.