ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ даргаар сонгогдсон Борис Жонсон лхагва гарагаас тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэллээ.

Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Тереза Мэй албан ёсоор огцорсны дараа хатан хаан Элизавета Засгийн газрыг бүрдүүлэхийг Б.Жонсоноос хүсжээ. 

Их Британийн Гадаад хэргийн сайд хийгээд Лондон хотын даргын албан тушаалыг хашиж байсан Б.Жонсон Ерөнхий сайд болсноор хугацаа тулсан “Brexit” болон өөр бусад тодорхойгүй нөхцөл байдлыг зохицуулах шаардлагатай тулгарч байна. 

Их Британийг Европын Холбооноос гарахыг уриалсан кампанит ажлыг ахалж байсан Б.Жонсон хэлэхдээ, 10 дугаар сарын 31 гэхэд амлалтаа биелүүлнэ гэжээ. Мөн тэрбээр, ЕХ-ноос гэрээгүйгээр гарч болзошгүй хэвээр байгааг онцлоод, илүү сайн гэрээг боловсруулахаа амлажээ. Б.Жонсоныг Ерөнхий сайдаар томилогдохоос өмнө Сангийн сайд Филип Хаммонд тэргүүтэй хэд хэдэн сайд огцорсон юм.  

Үүний зэрэгцээ Б.Жонсоныг Ерөнхий сайдаар томилогдсоныг эсэргүүцсэн олон зуун хүн Лондон хотын “Downing Street” гудамжинд жагсжээ. Мөн сөрөг хүчний удирагч Жереми Корбин бүх нийтийн сонгууль явуулахыг уриалаад, шинэ Ерөнхий сайд Их Британийн ард түмнийг төлөөлөх эрхгүй хэмээн мэдэгдсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг