ТЕХРАН. /CNN/. Өнгөрсөн баасан гарагт Ираны аюулаас хамгаалах хүчний төлөөлөгчдийн Ормузын хоолойд саатуулсан Их Британийн далбаатай “Stena Impero” нефть тээвэрлэгч хөлөг онгоцны богино хэмжээний дүрс бичлэгийг Ираны “Fars” агентлаг цахим хуудсандаа даваа гарагт нийтэлжээ.

Уг дүрс бичлэгт нефть тээвэрлэгчийн хэсгүүдэд хөлгийн багийн гишүүд байгааг харуулсан байна. “Stena Impero” хөлөг онгоцыг хариуцдаг Stena Bulk” компанийн “CNN” сувагт мэдээлснээр, “Fars” агентлагийн дүрс бичлэгийн жинхэнэ эсэх хийгээд эх сурвалжийг нь тодорхойлж чадахгүй байгаа аж.

Саатуулагдсан хөлөг онгоц Их Британийн далбаатайгаар аялдаг байсан хэдий ч “Stena Bulk” компани нь Шведэд төвтэй бөгөөд уг хөлгийн тавцан дээр Энэтхэг, Латви, Филиппин, Оросын 23 далайчин байжээ. Тэдний нэг болох Энэтхэгийн иргэн Дижо Паппачаны ар гэрийнхний мэдээлснээр, түүнтэй өнгөрсөн баасан гарагаас хойш холбоо тогтоож чадаагүй бөгөөд тухайн өдөр Д.Паппачан ээжтэйгээ цаг орчим утсаар ярьжээ.

“Манай компани Их Британи, Шведийн Засгийн газрууд болон Энэтхэг, Латви, Филиппин, Оросын холбогдох албаны төлөөлөгчидтэй тогтмол холбоо тогтоож байна. Ираны эрх баригчид бидэнтэй одоог хүртэл холбогдоогүй байгаа хэдий ч хөлгийн багийнхан “сайн” байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн” гэж “Stena Bulk” компанийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг