Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
08 сарын 23, 2024
5 дахь өдөр болохоор л догдлоод, гарч орж гүймээр, найз нөхөдтэйгөө уулзмаар санагдаад байдаг уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш гэдгийг дуулгая. Судалгаанаас үзэхэд ажлын өдөр дуусах дөхөх тусам ийм мэдрэмж авдаг олон хүн байдаг аж. Тэгвэл баасан гараг яагаад биднийг аз жаргалтай болгож, догдлуулдгийг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлая.
Урьдчилан таамаглаж, догдлуулдаг шалтгаан
Баасан гарагт хүмүүс илүү аз жаргалтай болдог гол шалтгаануудын нэг нь “хүлээлтийн хүч” юм. Ямар нэг зүйлийг тэсэн ядан хүлээх үед догдлох мэдрэмж хүчтэй төрж эхэлдэг байна. Энэ өдөр голдуу амралтын өдрүүдийг хүлээж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амарч, хөгжилдөж, цагийг өнгөрөөх талаар боддог нь эерэг мэдрэмжийг төрүүлдэг аж. Энэхүү сэтгэл хөдлөл, эерэг энерги нь бусдад ч мөн нөлөөлдөг. Тэр хэрээрээ баасан гарагт стрессийн түвшин буурч, тайвшрал мэдэрдэг байна.
Нэгэн хэвийн байдлыг эвдэх өдөр
Баасан гараг бидэнд нэгэн хэвийн амьдралын хэв маягаа эвдэж, шинэ зүйлс турших боломжийг өгч байдаг. Тухайлбал өдөр бүрнэгэн хэвийн хэмнэлээр ажиллаж амьдардаг оффисын ажилтуудад шинэлэг орчин, адал явдал эрэлхийлж олон сонирхолтой хүнтэй танилцах боломжийг өгдөг. Зугаатай биш гэж үү.
Бусадтай харилцаа тогтоох боломж
Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс бусадтай холбоо тогтоох, ярилцах хэрэгцээ хүн бүрд бий. Харин энэ мөчийг мэдрэх боломжийг баасан гараг бидэнд олгодог байх нь. Ихэнх хүмүүс энэ үдшийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, мөн ресторан эсвэл бааранд орох, эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцож өнгөрөөдөг. Энэхүү нийгмийн харилцаа нь аз жаргалын эх үүсвэр болдог байна.
Хүмүүсийн хамгийн сайхан ааштай өдөр
Хүмүүс энэ өдөр хамгийн бага бухимддаг. Өөрөөр хэлбэл баасан гараг нь стрессийн түвшинг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Учир нь ажлын долоо хоног дуусахтай зэрэгцэн хүмүүс амарч, стресс, дарамтаас ангижирдаг байна. Улмаар энэ нь тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд хүмүүс тав дахь өдөр хамгийн сайхан ааштай байдаг аж. Тиймээс баасан гарагт танил эсвэл найз нөхдөөсөө мөнгө асуувал танд зээлдүүл ч магадгүй юм.
Эх сурвалж: Medium.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.